АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ СТРАТЕГИ, ТӨЛӨВЛӨГӨӨНД ГИШҮҮДИЙН САНАЛЫГ ТУСГАНА


Энэхүү стратеги нь Аялал Жуулчлалын Мэргэжлийн холбоо-г урт хугацаанд тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаатай байлгах, гишүүддээ шударга, ил тод, бодит үр дүн бүхий үйлчилгээ үзүүлэх, цаашлаад Монгол Улсын аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үндсэн зорилготой.

Стратегийн баримт бичигт байгууллагын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоо, шийдвэр гаргах механизм, хариуцлага болон хэрэгжилтийн зарчмуудыг тодорхой, ойлгомжтой тусгасан байх нь нэн чухал юм. Ингэснээр Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, салбар холбоод, ажлын алба, гишүүдэд өөрчлөлт орсон тохиолдолд ч байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахгүй, бодлогын залгамж халаа тогтвортой үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.

Уг стратеги нь байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилтуудыг тодорхой бөгөөд хэмжихүйц байдлаар илэрхийлж, тэдгээрийг хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны төлөвлөгөө, арга хэмжээг цогцоор нь тодорхойлно.

Стратеги төлөвлөлтийн хүрээнд холбооны бүх гишүүдийн оролцоог хангаж, салбарт тулгамдаж буй асуудлууд, сайжруулах шаардлагатай чиглэлүүд, хамтын ажиллагааг өргөжүүлэх санал, санаачилгыг өргөн хүрээнд авч тусгана. Гишүүдийн саналыг 2026 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд нэгтгэн боловсруулсны дараа Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батална.

Стратегийн төслийг ЭНД дарж үзнэ үү. Саналыг branch@mto.mn хаягт ирүүлнэ үү.