ХУСТАЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗАР “GREEN DESTINATIONS TOP 100 STORIES 2026” ШАЛГАРУУЛАЛТАД ШАЛГАРЛАА


Монгол Улсын Хустайн байгалийн цогцолборт газар, түүний орчмын бүс нутагт хэрэгжүүлж буй байгаль хамгаалал, тогтвортой аялал жуулчлалын сайн туршлага “Green Destinations Top 100 Stories 2026” олон улсын шалгаруулалтад шалгарлаа.

Нидерланд Улсад төвтэй Green Destinations байгууллагаас зохион байгуулдаг тус шалгаруулалтад Хустайн байгалийн цогцолборт газрын итгэлцлийн сан (HNPT), нутгийн малчдын бүлгүүдийн санаачлан хэрэгжүүлсэн, хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын өгөгдөл болон малчдын уламжлалт мэдлэгийг хослуулсан байгаль хамгааллын загварыг танилцуулсан байна. Амжилтын түүхийг олон улсын үнэлгээний шалгуурт нийцүүлэн боловсруулах, өргөдлийн материалыг бүрдүүлэхэд Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын техникийн хамтын ажиллагааны төсөл дэмжлэг үзүүлжээ.

Технологи, уламжлалт мэдлэгт тулгуурласан бэлчээрийн менежмент

Хустайн байгалийн цогцолборт газар нь экотуризмын үйл ажиллагаанаас олсон орлогоороо тахь болон түүний амьдрах орчныг хамгаалах ажлыг хэрэгжүүлж ирсэн. Аялал жуулчлалын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэлтэй хөрсний элэгдэл, бэлчээрийн доройтлыг бууруулахад нутгийн иргэдийн оролцоог түшиглэсэн шийдлүүдийг нэвтрүүлсэн нь энэхүү сайн туршлагын гол онцлог юм.

Япон Улсын Цүкүбагийн их сургууль болон судалгааны байгууллагуудын судлаачидтай хамтран хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын зураг ашиглаж, бэлчээрийн доройтлыг дүрслэн харуулах тогтолцоог нэвтрүүлжээ. Малчдын бүлгүүд уг мэдээллийг уламжлалт мэдлэгтэйгээ хослуулан “Хамтын бэлчээр ашиглалтын хуанли” боловсруулж, хэрэгжүүлснээр нийт 350 мянган га бэлчээрийн нөхцөл байдлыг тогтворжуулсан байна. Мөн Аргалант суманд малын тоо толгойг 23.4 хувиар бууруулж, бэлчээрийн ачааллыг зохицуулах, зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд ахиц гаргажээ.

Зэрлэг амьтдын амьдрах орчныг хамгаалсан аяллын зохицуулалт

Зэрлэг амьтад ус уухаар идэвхтэй ирдэг 17:00–19:00 цагт жуулчдыг хоёр цагийн хязгаарлалттайгаар, байгаль хамгаалагчийн хяналт дор нэвтрүүлэх зохицуулалт хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн ус уух цэгүүдийн эргэн тойронд 300 метрийн радиуст нэвтрэхийг хязгаарласан бүс тогтоож, зөвшөөрөлгүй бартаат замын хөдөлгөөнийг зогсоожээ. Ингэснээр зэрлэг амьтад ус уух цэгүүдээ тайван ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Аялал жуулчлалын өгөөжийг нутгийн иргэдэд хүргэж байна

“Hustai Organic Programme”-ийн хүрээнд орчмын малчдын 32 бүлгийг 1,700 орчим хүнийг хамарсан долоон хоршоо болгон зохион байгуулжээ. Жуулчдын мэдээлэл, үйлчилгээний төвөөр дамжуулан сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлалын бүтээлийг борлуулахдаа шимтгэл авахгүй байх зарчим нэвтрүүлсэн нь аялал жуулчлалын орлогыг нутгийн иргэдэд шууд хүргэх боломжийг бүрдүүлсэн байна.

Мөн мотоциклоор мал хариулахыг багасгаж, уламжлалт морьтой мал маллах арга барилыг сэргээх, залуу үед өвлүүлэх ажлыг хэрэгжүүлжээ. Орон нутгийн хамтын удирдлагыг бэхжүүлэх зорилгоор 2024 онд гурван талт хамтын ажиллагааны иж бүрэн гэрээ байгуулсан байна.

Сайн туршлагыг олон улсад таниулахад ЖАЙКА дэмжлэг үзүүлэв

ЖАЙКА нь Хустайн байгалийн цогцолборт газрын итгэлцлийн сан, нутгийн иргэд, судлаачидтай уулзалт, ярилцлага хийж, газар дээрх мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийхэд хамтран ажиллажээ. Улмаар бодит үр нөлөө, шинэлэг байдал, бусад бүс нутагт түгээн дэлгэрүүлэх боломж зэрэг олон улсын үнэлгээний шалгуурт нийцүүлэн амжилтын түүхийг боловсруулах, өргөдлийн материалыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Энэхүү амжилт нь байгаль хамгаалал, нутгийн иргэдийн оролцоо, аялал жуулчлалын эдийн засгийн өгөөжийг уялдуулсан Монгол Улсын сайн туршлагыг олон улсад таниулахад чухал алхам боллоо. Цаашид хуримтлуулсан туршлага, арга зүйг бусад бүс нутагт түгээн дэлгэрүүлж, тогтвортой аялал жуулчлалын менежментийг сайжруулахад ашиглахаар зорьж байна.