Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (MTO) болон Хонконгийн Политехникийн Их Сургуулийн Зочид буудал, аялал жуулчлалын менежментийн сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Талууд БНХАУ-д зохион байгуулагдаж буй “Аялал жуулчлалын чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт UN Tourism/PATA-гийн 20 дугаар олон улсын форумын үеэр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсад зохион байгуулагдсан “ATF-2026” Азийн аялал жуулчлалын форумын үеэр өрнүүлсэн харилцааг үргэлжлүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх алхам болж байна.
Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын боловсрол, мэргэжлийн сургалт, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгаа болон олон улсын мэдлэг, туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын боловсрол, судалгааны байгууллагуудтай харилцаа холбоог өргөжүүлэх, тэргүүн туршлагыг салбарт нэвтрүүлэхэд чиглэж байна.

