АЖМХ-ын тухай

Монгол Улсын Их Хурлаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр шинэчлэн баталсан “Аялал жуулчлалын тухай” хуулийн хүрээнд Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр үүсгэн байгуулах шийдвэр гарсан.

2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн бүх гишүүдийн анхны хурлаар ерөнхийлөгч, тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид, удирдах зөвлөлийн дарга, удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгон, холбооны дүрмээ баталсан бөгөөд удирдах зөвлөлийн гишүүд нь дараах зургаан төрлийн чиг үүргийн хороонд хуваарилагдан, чиг үүргийн хороо тус бүр дэд ерөнхийлөгчөөр удирдуулан ажиллаж байна.

  1. Зах зээлийн;
  2. Дэд бүтцийн;
  3. Хууль эрх зүйн;
  4. Сургалт, судалгааны;
  5. Маркетинг, цахим шилжилтийн;
  6. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эвентийн.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь дэргэдээ ажлын албатай байхыг дүрэмдээ тусгасан бөгөөд ажлын албаны даргаар ахлуулсан 10 үндсэн, 2 гэрээт ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Гишүүнчлэлийн хувьд салбар холбоо болон гишүүд гэсэн бүтэцтэй. Одоогоор дараах 13 салбар холбоог үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээл зэргээр төрөлжүүлэн байгуулаад байна.

  1. Төв Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо;
  2. "Эртний Нүүдэлчдийн Өлгий" Архангай Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо;
  3. Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчийн Холбоо;
  4. Хөвсгөл Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо;
  5. Монголын Зочид Буудлуудын Холбоо;
  6. Eвроп Зах Зээлийн Салбар Холбоо;
  7. Америк Монголын Аялал Жуулчлалын Хөгжлийн Тэгш Нийгэмлэг;
  8. Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо;
  9. Хятад Зах Зээлийн Салбар Холбоо;
  10. Адал Явдалт Тусгай Сонирхлын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо;
  11. Монгол Японы Аялал Жуулчлалын Холбоо;
  12. Жуулчны Бааз, Байршуулах Хэрэгслийн Салбар Холбоо;
  13. "Булган Хангай" Булган Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо.
  14. НИТАЖ эрхлэгчдийн салбар холбоо.

2024 оны 09 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 371 гишүүн байгууллагатай болсон бөгөөд 246 тур оператор, 76 жуулчны бааз, ресорт, 15 зочид буудал, 21 жуулчны хөтөч-тайлбарлагч, 9 аяллын агент, 4 нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч, 1 олон улсын төлөөлөгчийн газар (ХБНГУ-ын Фрайбург хот), 13 салбар холбоод гэсэн гишүүдийн бүтэцтэй байна.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээд нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  1. Аялал жуулчлалын салбарын менежментийг сайжруулах, ажилтнуудыг чадавхжуулах, салбарын оролцогч талуудыг зөвлөгөө, мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах;
  2. Мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах, боловсронгуй болгох;
  3. Төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, олон улсын хэмжээний өдөрлөг, арга хэмжээ зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
  4. Аялал жуулчлалын тухай хуулийн 6.4-т заасны дагуу тур оператор, аяллын агентын бүртгэлийг хөтлөх;
  5. Аялал жуулчлалын тухай хуулийн 6.5-д заасны дагуу Засгийн газраас баталсан Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон уг үйл ажиллагааны үйлчилгээний хөлстэй холбоотой журмын хэрэгжилтийг хангах;
  6. Аялал жуулчлалын тухай хуулийн 10.1-д заасны дагуу жуулчны хөтөч-тайлбарлагчийг бүртгэх;
  7. Аялал жуулчлалын тухай хуулийн 10.4-д заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмын хэрэгжилтийг хангах.
  8. Аялал жуулчлалын салбарын бодлого, стратеги тодорхойлох, төлөвлөгөө гаргах, салбарын оролцогч талуудтай хамтран ажиллах;
  9. Мэргэжлийн зөвлөгөө, мэдээллийг аялал жуулчлалын салбар, оролцогч талууд, олон нийтэд хүргэх.