Аялал жуулчлалын тухай хууль


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 05 сарын 04 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ


1 дүгээр зүйл.Хуулийн зорилт


1.1.Энэ хуулийн зорилт нь байгаль, үндэсний онцлог бүхий түүх, соёлын өвд тулгуурласан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаанд төр, иргэн, хуулийн этгээдийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Аялал жуулчлалын хууль тогтоомж

2.1.Аялал жуулчлалын хууль тогтоомж нь Иргэний хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэр дэх аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулна.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."аялал жуулчлал" гэж хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа өөр газарт 90 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор аялан явахыг;

4.1.2."аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөө" гэж аялал жуулчлалын бүсийн байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалыг хамгаалах, зохистой ашиглах, сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн богино болон дунд хугацааны төлөвлөгөөг;

4.1.3."аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ" гэж аялал жуулчлалын байгууллагаас жуулчинд санал болгож байгаа аяллын явцад шаардагдах бүтээгдэхүүн, үйлчилгээг;

4.1.4."аялал жуулчлалын дэд бүтэц" гэж нисэх буудал, зам, тээвэр, эрчим хүч, ус хангамж, ариун цэврийн байгууламж, улсын, олон улсын, орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламж, тэмдэг тэмдэглэгээ, харилцаа, холбоо, мэдээлэл технологийн цахим дэд бүтцийг;

4.1.5."аялал жуулчлалын нөөц" гэж аялал жуулчлалын үйл ажиллагаанд ашиглах байгалийн тогтоц, амьтан, ургамал, түүх, палеонтологи, археологи, шашин, соёлын биет болон биет бус өв, өв тээгчийг;

4.1.6."аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага" гэж байр сууц, тээвэр, хоол үйлдвэрлэл, үзмэр, үзвэр үйлчилгээ, жуулчны мэдээллийн төв зэрэг жуулчинд зориулсан үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдийг;

4.1.7."аяллын агент" гэж тур оператор болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан борлуулж байгаа хуулийн этгээдийг;

4.1.8."жуулчин" гэж энэ хуулийн 4.1.1-д заасан аялал жуулчлалд хамрагдаж байгаа хүнийг;

4.1.9."жуулчны хөтөч-тайлбарлагч" гэж жуулчинд үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншил, байгаль, газар зүйн онцлог болон шаардлагатай бүх мэдээллийг хүргэж, аяллыг хөтлөн явуулах энэ хуульд заасан шаардлага хангасан хүнийг;

4.1.10."нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал" гэж тухайн орон нутгийн иргэд, нөхөрлөл жуулчинд энэ хуулийн 11.1-д заасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг;

4.1.11."отоглох цэг" гэж аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацад нийцүүлэн хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэхэд зориулагдсан, өөрийн стандарт бүхий, жуулчинд зориулсан түр байрлах үйлчилгээний цогц орчныг;

4.1.12."тур оператор" гэж аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж, шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, аялал зохион байгуулах хуулийн этгээдийг;

4.1.13."тусгай сонирхлын аялал жуулчлал" гэж тусгай мэргэжлийн ур чадвар, техник хэрэгсэл шаардсан аялал жуулчлалыг.


ХОЁРДУГААР БҮЛЭГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

5 дугаар зүйл.Аялал жуулчлалын үйлдвэрлэл

5.1.Аялал жуулчлалын үйлдвэрлэл нь аялал жуулчлалын үндсэн ба дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнээс бүрдэнэ.

5.2.Аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:

5.2.1.жуулчныг байр сууцаар хангах үйлчилгээ;

5.2.2.зорчигч тээврийн үйлчилгээ;

5.2.3.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, хөгжүүлэх үйлчилгээ.

5.3.Аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээнд дараах үйлчилгээ хамаарна:

5.3.1.хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;

5.3.2.аялал жуулчлалын мэдээлэл, зар сурталчилгааны үйлчилгээ;

5.3.3.спортын арга хэмжээ, үзмэр болон урлаг, соёлын бусад үйлчилгээ;

5.3.4.жуулчинд зориулсан гар урлалын болон бусад худалдаа үйлчилгээ.

5.4.Төрөөс экспортын үйлдвэрлэлд үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтөд аялал жуулчлалын байгууллагын гадаадын жуулчинд үзүүлсэн энэ хуулийн 5.2, 5.3-т заасан үйлчилгээ нэгэн адил хамаарна.

6 дугаар зүйл.Аялал жуулчлалын байгууллага

6.1.Аялал жуулчлалын байгууллага нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг жуулчинд үзүүлэх зорилго бүхий, Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө хуулийн этгээд байна.

6.2.Аялал жуулчлалын байгууллагыг дараах байдлаар ангилна:

6.2.1.тур оператор;

6.2.2.аяллын агент;

6.2.3.аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага.

6.3.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т зааснаас бусад байгууллага эрсдэл бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.4.Тур оператор, аяллын агент энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлсэн байна.

6.5.Энэ хуулийн 6.2.3-т заасан аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон уг үйл ажиллагааны үйлчилгээний хөлстэй холбоотой журмыг Засгийн газар батална.

6.6.Энэ хуулийн 6.5-д заасан журмын дагуу аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зэрэглэлийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд олгоно.

6.7.Аялал жуулчлалын байгууллага байгаль орчинд сөрөг нөлөөтэй, соёлын биет өвийн бүрэн бүтэн байдал, хэлбэр, шинж чанарыг алдагдуулж, гэмтээх байдлаар аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6.8.Аялал жуулчлалын байгууллага татварын цахим төлбөрийн систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдон үйл ажиллагаа явуулах бөгөөд бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх бүрд цахим төлбөрийн баримт олгоно.

7 дугаар зүйл.Тур оператор

7.1.Тур оператор дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

7.1.1.аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төлөвлөн бүрдүүлж шууд, эсхүл аяллын агентаар дамжуулан худалдан борлуулах, аялал зохион байгуулах;

7.1.2.жуулчдад зориулсан соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах, худалдан борлуулах;

7.1.3.виз авахтай холбогдсон болон аяллын бусад бичиг баримтын бүрдүүлэлт хийх;

7.1.4.агаарын, төмөр замын болон бусад тээврийн хэрэгслээр зорчих тасалбар /тийз/-ын захиалга хийх, тасалбар /тийз/ худалдан борлуулах.

7.2.Тур оператор дараах үүрэгтэй:

7.2.1.Монгол Улсын хууль тогтоомж, түүх, соёл, зан заншлын талаар жуулчинд үнэн зөв, бодит мэдээлэл өгөх;

7.2.2.аялал жуулчлалын мэдээллийн санд үйл ажиллагааныхаа статистик мэдээллийг маягтын дагуу тогтоосон хугацаанд ирүүлэх;

7.2.3.аяллыг баталсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах, түүнд хяналт тавих, эрсдэлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж ажиллах;

7.2.4.байгаль, түүх, соёлын биет өвийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авч, гарсан зөрчлийн талаар холбогдох байгууллагад мэдэгдэх;

7.2.5.жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авах;

7.2.6.байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хүн амын эрүүл мэнд, уламжлалт зан заншилд харшлахгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэх;

7.2.7.бүтээгдэхүүн, үйлчилгээ болон байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авах боломжийг цахим орчинд бүрдүүлсэн байх;

7.2.8.хуульд заасан бусад үүрэг.

8 дугаар зүйл.Аяллын агент

8.1.Аяллын агент дараах үйл ажиллагааг эрхэлнэ:

8.1.1.тур операторын болон аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг зуучлан худалдан борлуулах үйл ажиллагаа;

8.1.2.энэ хуулийн 7.1.3, 7.1.4-т заасан үйл ажиллагаа.

8.2.Аяллын агент энэ хуулийн 7.1.1-д заасан үйл ажиллагааг эрхлэхийг хориглоно.

9 дүгээр зүйл.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага

9.1.Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага дараах шаардлагыг хангаж ажиллана:

9.1.1.тухайн үйлчилгээний техникийн зохицуулалт, стандартын шаардлагыг хангасан үйлчилгээ үзүүлэх;

9.1.2.үйл ажиллагаандаа мөрдөж байгаа техникийн зохицуулалт, стандарт, үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай бусад мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас, мэдээллийн самбар, мэдээллийн бусад хэрэгсэл ашиглан нээлттэй, ил тод байршуулах.

10 дугаар зүйл.Жуулчны хөтөч-тайлбарлагч

10.1.Аялал жуулчлалын мэргэжилтэй, эсхүл хөтөч-тайлбарлагчийн сургалтад хамрагдаж, энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд бүртгүүлж үнэмлэх авсан хүн жуулчны хөтөч-тайлбарлагчийн үйлчилгээ үзүүлнэ.

10.2.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 10.1-д заасан шаардлага хамаарахгүй.

10.3.Жуулчны хөтөч-тайлбарлагч дараах үүрэгтэй:

10.3.1.энэ хуульд заасны дагуу олгосон үнэмлэх, энгэрийн тэмдэг хэрэглэх;

10.3.2.жуулчныг хууль тогтоомж, үндэсний түүх, соёлын дурсгалт зүйл, өв уламжлал, зан заншлын талаар үнэн зөв, бодит мэдээллээр хангах;

10.3.3.аялал жуулчлалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх.

10.4.Энэ хуулийн 10.1-д заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

10.5.Энэ хуулийн 10.4-т заасан жуулчны хөтөч-тайлбарлагчид үнэмлэх олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох болон мэргэжлийн ур чадварын зэрэглэл тогтоох чиг үүргийг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

11 дүгээр зүйл.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал

11.1.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд жуулчинд зориулсан дараах бүтээгдэхүүн, үйлчилгээ хамаарна:

11.1.1.нүүдэлчдийн соёл, ахуй, зан заншлыг танилцуулан сурталчлах;

11.1.2.зочны гэрээр үйлчлэх;

11.1.3.ердийн хөсгөөр үйлчлэх;

11.1.4.энэ хуулийн 5.3-т заасан аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх.

11.2.Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэхийг дэмжиж ажиллана.

11.3.Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэхэд энэ хуулийн 16.15-д заасан бүсийн төлөвлөлтийг баримтална.

11.4.Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг эрхлэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан техникийн зохицуулалт, стандартыг үйл ажиллагаандаа мөрдөнө.

12 дугаар зүйл.Тур операторын бүртгэл

12.1.Энэ хуулийн 6.4-т заасны дагуу нийтийн эрх зүйн хуулийн этгээд тур операторыг дараах ангиллаар бүртгэнэ:

12.1.1.Монгол Улсаас бусад улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;

12.1.2.бусад улсаас Монгол Улс руу хийх аялал жуулчлалын үйлчилгээ;

12.1.3.энэ хуулийн 12.1.1, 12.1.2-т заасан аялал жуулчлалын үйлчилгээг хамтад нь эрхлэх олон улсын аялал жуулчлалын үйлчилгээ;

12.1.4.дотоодын аялал жуулчлалын үйлчилгээ.

12.2.Тур оператороор бүртгүүлэхдээ дараах мэдээллийг ирүүлнэ:

12.2.1.аялал жуулчлалын мэргэжлийн ажилтны мэдээлэл;

12.2.2.бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл;

12.2.3.цахим төлбөрийн баримтын систем, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд холбогдсон талаарх мэдээлэл;

12.2.4.хариуцлагын даатгалд хамрагдсан талаарх мэдээлэл.

13 дугаар зүйл.Аялал жуулчлалын гэрээ

13.1.Аялал жуулчлалын байгууллага жуулчинтай аялал жуулчлалын гэрээ байгуулахдаа Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйлд заасан журмыг баримтална.

13.2.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол жуулчин, аялал жуулчлалын байгууллагын хооронд аялал жуулчлалын гэрээтэй холбогдон гарсан маргааныг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлж болно.

14 дүгээр зүйл.Даатгал

14.1.Тур оператор, аяллын агент нь үйл ажиллагаандаа алдаа гаргасны улмаас үйлчлүүлэгчид учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

14.2.Өндөр уулын авиралт, спорт агнуур, олзворын ан, усны гүнд шумбах, авто спорт, нисдэг тэрэгний аялалд оролцох жуулчин, жуулчны хөтөч-тайлбарлагч, мэргэшсэн сургагч багш, зааварлагч гэнэтийн ослын даатгалд заавал даатгуулна.

14.3.Энэ хуулийн 14.2-т зааснаас бусад эрсдэл бүхий аялалд оролцох жуулчин, жуулчны хөтөч-тайлбарлагч, мэргэшсэн сургагч багш, зааварлагч гэнэтийн ослын даатгалд даатгуулж болно.

14.4.Энэ хуулийн 14.2-т заасан даатгалд хамруулах үйл ажиллагааг аялал жуулчлалын байгууллага хариуцан зохион байгуулна.

14.5.Энэ хуулийн 14.1, 14.2-т заасан даатгалын эрсдэл, нөхцөл, үнэлгээ, хяналт тавих журмыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран батална.

15 дугаар зүйл.Жуулчны аюулгүй байдал

15.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт жуулчны аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага, аялал жуулчлалын байгууллага хангана.

15.2.Жуулчны аюулгүй байдалд жуулчны хувийн аюулгүй байдал, өмч хөрөнгө болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11, 4.1.12-т заасан мэдээллийг хадгалах, хамгаалах үйл ажиллагаа хамаарна.

15.3.Жуулчин эрсдэлт нөхцөл байдалд орсон, сураггүй алга болсон тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагааг тухайн орон нутгийн онцгой байдлын алба Гамшгаас хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу шуурхай эхлүүлнэ.

15.4.Энэ хуулийн 6.2-т заасан аялал жуулчлалын байгууллага нь жуулчинд байгалийн гамшигт үзэгдэл, аливаа гэмтэл, халдварт өвчин, тахал болон шаардлагатай бусад тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нөхцөл боломжийг бий болгосон байна.

15.5.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жуулчинд учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын жагсаалтыг гарган аялал жуулчлалын байгууллага, жуулчинд мэдээлэх бөгөөд өөрийн албан ёсны цахим хуудсанд тухай бүр байршуулах үүрэгтэй.

15.6.Жуулчин аяллын явцад эрсдэлт нөхцөлд орсон, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, албадлагын арга хэмжээ авагдсан тохиолдолд аялал жуулчлалын байгууллага тухайн хэрэг, зөрчлийг боломжит богино хугацаанд шийдвэрлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.


ГУРАВДУГААР БҮЛЭГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС

16 дугаар зүйл.Аялал жуулчлалын бүс

16.1.Монгол Улс тодорхой газар нутгийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлэх зорилгоор орон зайн зохистой төлөвлөлтийг бий болгосон аялал жуулчлалын бүстэй байна.

16.2.Аялал жуулчлалын бүсийг дараах байдлаар ангилна:

16.2.1.улсын аялал жуулчлалын бүс;

16.2.2.орон нутгийн аялал жуулчлалын бүс.

16.3.Улсын аялал жуулчлалын бүсийг тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт байгаль, түүх, соёлын өв, аялал жуулчлалын нөөцийг хамгаалах зорилгод нийцүүлэн Засгийн газраас тогтоож, хилийн заагийг батална.

16.4.Улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтоохдоо газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны саналыг авна.

16.5.Улсын аялал жуулчлалын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа, газар ашиглалтад холбогдох техникийн зохицуулалт, стандартыг мөрдөх бөгөөд түүнд нийцсэн менежментийн төлөвлөгөөтэй байна.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан менежментийн төлөвлөгөө, бүсийн аялал жуулчлалын маршрутыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

16.7.Аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулах бөгөөд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд болон энэ хуулийн 27.1-д заасан аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлнэ.

16.8.Орон нутгийн аялал жуулчлалын бүс нь менежментийн төлөвлөгөөтэй байна. Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн газар зохион байгуулалтын асуудлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ.

16.9.Улсын аялал жуулчлалын бүсэд хамаарах аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд аялал жуулчлалын газрын ашиглалт, хамгаалалтын асуудлыг тусгаж хэрэгжүүлэхдээ энэ хуулийн 16.5-д заасан техникийн зохицуулалт, стандартыг мөрдөнө.

16.10.Энэ хуулийн 16.8-д заасан орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийн төлөвлөгөөг аймаг, нийслэлийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж боловсруулж, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

16.11.Улсын аялал жуулчлалын бүсийн менежментийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын бүсийн менежментийг аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.

16.12.Аялал жуулчлалын бүсийн менежментийг бүхэлд нь, эсхүл тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно.

16.13.Орон нутгийн аялал жуулчлалын бүсийн хилийн заагийг тогтоохдоо улсын аялал жуулчлалын бүсийн хилийн заагтай давхцуулж тогтоохыг хориглоно.

16.14.Улсын аялал жуулчлалын бүстэй орон нутгийн аялал жуулчлалын бүс давхацсан тохиолдолд тухайн хэсгийг холбогдох иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хүчингүй болгоно.

16.15.Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа эрхлэх аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага болон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгч хоорондын орон зайн төлөвлөлтөд холбогдох техникийн зохицуулалт, стандартыг заавал дагаж мөрдөнө.

17 дугаар зүйл.Отоглох цэг

17.1.Улсын аялал жуулчлалын бүс болон улсын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын эрэлт, байгаль орчны даацыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага отоглох цэг байгуулах байршлыг тогтооно.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт байгуулах отоглох цэгийг улсын төсвийн, тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны, олон улсын төслийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулна.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газарт байрлах отоглох цэгийн менежментийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа хэрэгжүүлэх бөгөөд менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээд, орон нутгийн иргэнээр гүйцэтгүүлж болно.

17.4.Энэ хуулийн 17.1-д заасан улсын аялал жуулчлалын бүс нь улсын тусгай хамгаалалттай газартай давхцаагүй тохиолдолд тухайн аялал жуулчлалын бүс дэх отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр хуулийн этгээд, орон нутгийн иргэнээр гүйцэтгүүлж болно.

17.5.Энэ хуулийн 17.4-т заасан отоглох цэгийн менежментийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх этгээдийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулна.

17.6.Энэ хуулийн 17.1-д заасан улсын тусгай хамгаалалттай газарт байрлах отоглох цэгийн үйлчилгээний хураамж авах, зарцуулахтай холбогдсон харилцааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулна.

17.7.Отоглох цэг нь байнгын, эсхүл түр байж болох бөгөөд стандартын шаардлага хангасан байна.

17.8.Отоглох цэгт олон нийтийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг Цагдаагийн албаны тухай хуулиар зохицуулна.

18 дугаар зүйл.Хил орчмын аялал жуулчлал

18.1.Хил орчмын аялал жуулчлалаар гадаадын иргэн Монгол Улс руу нэвтрэх асуудлыг хөрш улстай харилцан тохиролцож, Монгол Улсын олон улсын гэрээгээр шийдвэрлэнэ.

18.2.Хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт энэ хуулийн 18.1-д заасан гадаадын иргэн зорчих маршрутыг хууль зүйн болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

18.3.Энэ хуулийн 18.2-т заасан маршрутын дагуу хил орчмын аялал жуулчлалын үйл ажиллагааг энэ хуулийн 12.1.2, 12.1.3-т заасан ангиллаар бүртгүүлсэн тур оператор эрхэлнэ.

18.4.Энэ хуулийн 18.3-т заасан тур оператор хилийн зурвасын аюулгүй байдлыг хангах зорилгын хүрээнд улсын хил хамгаалах байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.

18.5.Хил орчмын нутаг дэвсгэрийн аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон журмыг Засгийн газар батална.

18.6.Энэ хуулийн 18.3-т заасан тур оператор хил орчмын аялал жуулчлалын үйлчилгээ авч байгаа жуулчны тоон мэдээллийг энэ хуулийн 27.1-д заасан аялал жуулчлалын мэдээллийн санд хүргүүлнэ.

Тайлбар:Энэ зүйлд заасан "хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэр" гэж хил залгаа улстай хиллэж байгаа аймгийн нутаг дэвсгэрийг ойлгоно.


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР ТӨРИЙН БОЛОН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНЫ БҮРЭН ЭРХ

19 дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

19.1.Засгийн газар аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

19.1.2.Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог байгуулах;

19.1.3.бүс нутгийг хамарсан аялал жуулчлалын олон улсын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

19.1.4.аялал жуулчлалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, зохистой харьцааг бий болгох;

19.1.5.энэ хуулийн 6.5, 18.5, 20.4-т заасан журмыг батлах.

20 дугаар зүйл.Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны бүрэн эрх

20.1.Энэ хуулийн 19.1.2-т заасан Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо /цаашид "Үндэсний хороо" гэх/ дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.1.1.аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх асуудлаар санал гаргах;

20.1.2.Монгол Улсыг бусад улсад сурталчлах үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтаар удирдах;

20.1.3.аялал жуулчлалын асуудлаар салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах;

20.1.4.иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн агаарын зорчигч тээврийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

20.2.Үндэсний хороог Ерөнхий сайд тэргүүлэх бөгөөд байгаль орчин, аялал жуулчлалын, төсөв, санхүүгийн, эдийн засгийн, тээврийн, эрчим хүчний, гадаад харилцааны, хууль зүйн болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон тус бүр нэг, энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдээс санал болгосон таван гишүүнээс бүрдэнэ.

20.3.Үндэсний хороо орон тооны бус байх бөгөөд гишүүдийг Ерөнхий сайд томилж, чөлөөлнө.

20.4.Үндэсний хорооны ажиллах журмыг Засгийн газар батална.

21 дүгээр зүйл.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

21.1.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.аялал жуулчлалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

21.1.2.дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

21.1.3.олон улсад аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлого боловсруулах;

21.1.4.аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавих;

21.1.5.аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр улсын болон олон улсын хэмжээнд аялал жуулчлалын байгууллага хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, хамтран ажиллах;

21.1.6.аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэргэжлийн удирдлагаар хангах, мэргэжлийн сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр холбогдох иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;

21.1.7.аялал жуулчлалын бүсийн нөөц, даацыг тогтоох, аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулах аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн тоо, байршлыг тогтоох, тэдгээрийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх;

21.1.8.Монгол Улсыг сурталчлах ажлыг холбогдох чиг үүргийн төрийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

21.1.9.аялал жуулчлалын үйлчилгээний салбарт олон улсын стандартыг нэвтрүүлж байгаа аялал жуулчлалын байгууллагыг бодлогоор дэмжих;

21.1.10.төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг төлөвлөх, төслийн санал гаргах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хэрэгжилтийг хангах, хяналт тавих;

21.1.11.аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгоход дэмжлэг үзүүлэх;

21.1.12.тусгай сонирхлын аялал жуулчлалын үйл ажиллагааг зохицуулах журмыг батлах;

21.1.13.энэ хуулийн 10.4, 14.5-д заасан журмыг батлах.

22 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

22.1.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, Засаг даргын тайланг хэлэлцэх;

22.1.2.нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргах.

23 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

23.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах;

23.1.2.аялал жуулчлалын хууль тогтоомж, холбогдох бусад хууль, дүрэм, журам, техникийн зохицуулалт, стандартын хэрэгжилтийг хангуулах;

23.1.3.харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх;

23.1.4.харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэх бодлоготой уялдуулан төлөвлөгөө боловсруулах, зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал оруулах, хэрэгжүүлэх;

23.1.5.харьяалах нутаг дэвсгэртээ байгуулах аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад газар эзэмших зөвшөөрлийг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тогтоосон нөөц, даац, тоо, байршлыг баримтлан зохих хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, олгох;

23.1.6.аялал жуулчлалын мэдээллийн санг хөтлөх;

23.1.7.аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулагддаг аялал жуулчлалын арга хэмжээний товыг өмнөх оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зарлах, уг арга хэмжээг зохион байгуулах, удирдлагаар хангах;

23.1.8.улсын аялал жуулчлалын бүсэд гүйцэтгэж байгаа аялал жуулчлалын бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

23.1.9.орон нутгийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах;

23.1.10.шаардлагатай тохиолдолд харьяалах нутаг дэвсгэртээ жуулчны мэдээллийн төв байгуулах;

23.1.11.байгаль, түүх, соёлын өв бүхий аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, хадгалж, хамгаалах;

23.1.12.харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын байгууллага, жуулчны үйл ажиллагаанаас үзүүлэх сөрөг үр дагаврыг багасгах, арилгах арга хэмжээ авах;

23.1.13.харьяалах нутаг дэвсгэртээ улсын болон олон улсын чанартай авто замын дагуу аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, жуулчинд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах;

23.1.14.аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг харгалзан аймаг, нийслэлд аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж, эсхүл ажилтан ажиллуулах.

24 дүгээр зүйл.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

24.1.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.энэ хуулийн 16.2.1, 16.2.2-т заасан аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

24.1.2.нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх саналаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх.

25 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

25.1.Сум, дүүргийн Засаг дарга аялал жуулчлалын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

25.1.1.харьяалах нутаг дэвсгэртээ аялал жуулчлалын арга хэмжээг зохион байгуулах, орон нутгаа сурталчлах;

25.1.2.сум, дүүргийн соёл, спорт, олон нийтийн арга хэмжээг аялал жуулчлалын үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

25.1.3.нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

25.1.4.жуулчны аюулгүй байдлыг хангах арга хэмжээг харьяалах нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага, нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.1.5.орон нутгийн иргэдийн өв соёлын үнэт зүйлс, гар урлал, уламжлалт соёлыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор орон нутагт хөрөнгө оруулалт татах нөхцөлийг хангах;

25.1.6.харьяалах нутаг дэвсгэртээ аяллын маршрутын дагуу тэмдэг тэмдэглэгээ, нэгдсэн хаягжуулалт бий болгох.

26 дугаар зүйл.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо

26.1.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.

26.2.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцогчдыг сургалт, зөвлөгөө, мэдээлэл, мэргэжлийн арга зүйгээр хангах, аялал жуулчлалын байгууллагын ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг батлах болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

26.3.Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дүрэм, удирдлагын бүтэц, санхүүжилт, зохион байгуулалтын бусад асуудлыг бүх гишүүдийн хурлаар бие даан шийдвэрлэнэ.

26.4.Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо тухайн жилийн үйл ажиллагааны тайлангаа дараа оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, олон нийтэд нээлттэй мэдээлнэ.


ЗУРГАДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

27 дугаар зүйл.Аялал жуулчлалын мэдээллийн сан

27.1.Аялал жуулчлалын салбарын судалгаа, шинжилгээ, статистик мэдээллийн нэгдсэн сан /цаашид "Аялал жуулчлалын мэдээллийн сан" гэх/-г аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цахим хэлбэрээр бүрдүүлнэ.

27.2.Аялал жуулчлалын мэдээллийн сан дараах мэдээллээс бүрдэнэ:

27.2.1.хууль тогтоомжийн болон салбарын хүний нөөцийн мэдээлэл;

27.2.2.дотоодын болон олон улсын жуулчны тоон мэдээлэл;

27.2.3.аялал жуулчлалын байгууллагын бүртгэл, мэдээлэл;

27.2.4.улсын, орон нутгийн, хил орчмын аялал жуулчлалын бүс, маршрутын мэдээлэл;

27.2.5.олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто зам дагуух үйлчилгээний байгууламжийн мэдээлэл;

27.2.6.энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан отоглох цэгийн мэдээлэл;

27.2.7.энэ хуулийн 15.5-д заасан жуулчдад учирч болзошгүй аюул, халдварт өвчин, тахал болон зорчиход аюултай газар, байршлын талаарх мэдээлэл.

27.3.Аялал жуулчлалын мэдээллийн сан нийтэд нээлттэй байна.

28 дугаар зүйл.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт

28.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих хяналт дараах төрөлтэй байна:

28.1.1.аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт;

28.1.2.аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт.

29 дүгээр зүйл.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналт

29.1.Аялал жуулчлалын хууль тогтоомжийн биелэлтэд аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хяналт тавина.

29.2.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн аялал жуулчлалын асуудал хариуцсан нэгж нь бүх шатандаа аялал жуулчлалын нөөцийг хамгаалах, бүрдүүлэх, зүй зохистой ашиглахад хяналт тавина.

29.3.Энэ зүйлд заасан аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих төрийн хяналтыг энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд шилжүүлж болно.

30 дугаар зүйл.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналт

30.1.Аялал жуулчлалын үйл ажиллагаанд тавих олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх талаар иргэн, хуулийн этгээд дараах эрх эдэлнэ:

30.1.1.аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчсөн тухай өргөдөл, гомдлыг эрх бүхий байгууллагад гаргаж, шийдвэрлүүлэх;

30.1.2.аялал жуулчлалын хууль тогтоомж зөрчигдсөнтэй холбоотойгоор учирсан хохирлыг арилгуулах талаар харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргах.

31 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

31.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

31.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

32 дугаар зүйл.Шилжилтийн үеийн зохицуулалт

32.1.Энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хурлыг аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор зохион байгуулна.

32.2.Энэ хууль батлагдахаас өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага хамтран энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулна.

32.3.Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 32.1-д заасан хуралд оролцох байгууллагыг нээлттэй бүртгэх ба тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын зохистой харьцааг хангаж хурлыг зохион байгуулна.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР