СОШИАЛ МЕДИАГААС БОДИТ АЯЛАЛ ХҮРТЭЛ: АЯЛЛЫН ШИЙДВЭРИЙГ ДАХИН ТОДОРХОЙЛОХ НЬ


“Аялал жуулчлалын чиг хандлага ба хэтийн төлөв” сэдэвт UN Tourism/PATA-гийн 20 дугаар олон улсын форумын хүрээнд “Сошиал медиагаас бодит туршлага хүртэл: Аяллын шийдвэрийг дахин тодорхойлох нь” панел хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээр дижитал платформ, олон нийтийн сүлжээ, аяллын контент болон хиймэл оюун ухаан нь жуулчдын аялах чиглэлээ сонгох, аяллаа төлөвлөх, захиалга хийх шийдвэрт хэрхэн нөлөөлж буй талаар санал солилцов. Мөн улс орон, бүс нутгийн аялал жуулчлалыг цахим орчинд сурталчлан таниулах, жуулчдын сонирхлыг бодит аялал болгон хувиргах боломжуудыг хэлэлцлээ.

CNN-ийн сэтгүүлч Майк Валерио (Mike Valerio)-гийн чиглүүлсэн тус хэлэлцүүлэгт Макаогийн Засгийн газрын Аялал жуулчлалын газрын дарга Сенна Фернандеш, Хунань мужийн Соёл, аялал жуулчлалын газрын дэд ерөнхий захирал Гун Тиэжүн, Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Олон улсын харилцааны менежер Б.Цэцэгмаа, Сяохуншу (Xiaohongshu)-ийн дэлхийн бизнесийн шийдэл хариуцсан захирал Дуглас Лау, аяллын контент бүтээгч Бэй Ши нар оролцов.