Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ)-ны төлөөлөгчид олон улсын төлбөр тооцоо, технологийн Mastercard компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Уулзалтад Mastercard компанийн төрийн салбартай хамтын ажиллагаа хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Jody Barnett, бизнес хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч Leo Liu болон АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Талууд аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг дэмжих, олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.
Мөн Mastercard-ийн аялал жуулчлалын аналитик, төлбөрийн өгөгдөлд суурилсан судалгааны чадамжийг ашиглан жуулчдын зарцуулалт, голлох зах зээл, хэрэглэгчийн зан төлөвийг тодорхойлох боломжийн талаар ярилцав. Эдгээр мэдээлэлд тулгуурлан Монголын аялал жуулчлалын маркетингийн төлөвлөлтийг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг онцоллоо.

