MTO, PATA-ТАЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СТАТИСТИК, СУДАЛГАА, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ОЛОН УЛСЫН СУРТАЛЧИЛГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА


Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (MTO) болон Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбоо (Pacific Asia Travel Association, PATA) хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд аялал жуулчлалын статистик, зах зээлийн мэдээлэл, судалгаа солилцох, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, эрсдэлийн удирдлага болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сүлжээ, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Мөн Монголын аялал жуулчлалын байгууллага, бизнес эрхлэгчдийг олон улсын мэргэжлийн байгууллага, судалгааны хүрээлэн, хөрөнгө оруулагчидтай холбох, Монгол Улсын аялал жуулчлалыг олон улсын зах зээлд таниулах боломжийг нэмэгдүүлэхэд PATA-ийн дэмжлэгийг авах юм.

Санамж бичигт Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, PATA-ийн Гүйцэтгэх захирал Ноор Ахмад Хамид (Noor Ahmad Hamid) нар гарын үсэг зурлаа.