Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших, үлэг гүрвэлийн олдвороороо дэлхийд алдартай Баянзаг (Flaming Cliffs) нь Green Destinations олон улсын байгууллагын “2026 Top 100 Good Practice Stories” жагсаалтад шалгарлаа.
Баянзагийн “Erasing Tyre Tracks, Preserving Camel Trails” буюу “Дугуйн мөрийг арилгаж, тэмээн жимийг хамгаалах нь” сайн туршлага нь Монголын говийн байгалийн өвийг хамгаалах, аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг олон улсад таниулсан амжилт боллоо.
Green Destinations байгууллагын энэхүү санаачилга нь байгаль орчин, соёлын өвийг хамгаалах, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх сайн туршлагуудыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Төр, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны үр дүн
Баянзагийг олон улсын тогтвортой аялал жуулчлалын хөтөлбөрт нэр дэвшүүлэх, холбогдох материалыг боловсруулах ажилд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ, Өмнөговь аймгийн холбогдох байгууллагууд, тус аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Улаанбаатар Аялал Жуулчлалын Холбоо болон Amazing Gobi Tourism Association хамтран ажилласан байна.
ЖАЙКА-гийн “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” төслийн хүрээнд олон улсын сайн туршлага, шалгуурыг орон нутгийн онцлогтой уялдуулах, аялал жуулчлалын нөөцийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нутгийн бизнес эрхлэгчид болон салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх ажлыг хэрэгжүүлж байна.
Баянзагийн энэхүү амжилт нь байгалийн өвийн хамгаалал, нутгийн иргэдийн оролцоо, байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг олон улсад харуулж байна.
