Дэлхийн тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний байгууллага “Бостон консалтинг групп” Монгол улсын үндэсний аялал жуулчлалын стратегийг боловсруулахад хамтран ажиллахаар боллоо.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо болон “Бостон консалтинг групп” зөвлөх үйлчилгээний компани хооронд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай гурвалсан гэрээ байгууллаа.
"Бостон Консалтинг Групп" нь дэлхийн тэргүүлэгч зөвлөх үйлчилгээний компаниудын нэг юм. Өнгөрсөн таван жилийн хугацаанд тус компани агаарын тээвэр, зочид буудал, үзвэр үйлчилгээ, аялал жуулчлалын дэд бүтэц зэрэг салбарын 1200 гаруй төсөл дээр ажилласан туршлагатай.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын зөвлөх үйлчилгээ үзүүлэх юм. Үүнээс гадна, аялал жуулчлалын салбарын улирлын хамаарлыг бууруулах, жуулчдад тулгарч буй сорилтуудыг шийдвэрлэх арга замыг боловсруулахад дэмжлэг үзүүлнэ.
Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийг төлөөлөн хамтран ажиллах гэрээнд Тэргүүн дэд ерөнхийлөгч Т.Баттулга гарын үсэг зурав.