АЖМХ-ны 2026 оны нэгдсэн хуралдаан болж, салбар холбоод, чиг үүргийн хороодын тайланг олон нийтэд нээлттэй байршуулав


Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо НЭЗХЭ-ийн 2026 оны ээлжит нэгдсэн хуралдаан боллоо. Хуралдаанаар Холбооны 2026 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гишүүдэд танилцуулж, салбар холбоод, чиг үүргийн хороодын ажлын үр дүн, 2027 оны зорилтыг хэлэлцэв. Хуралдаанд танилцуулсан салбар холбоод, чиг үүргийн хороодын 2026 оны үйл ажиллагааны тайланг Холбооны цахим сайтад олон нийтэд нээлттэй байршуулав.

Холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл 2026 оны үйл ажиллагааны тайланг танилцуулж, салбарын мэргэжлийн бүртгэл, хүний нөөцийн сургалт, олон улсын хамтын ажиллагаа, Монгол Улсыг гадаад зах зээлд сурталчлах чиглэлээр хийсэн ажлыг онцлов. COP17-ын бэлтгэлийн хүрээнд 37 зочид буудлын 1,288 ажилтныг сургалтад хамруулж, төлөөлөгчдийн байршуулалт, аяллын захиалга, төлбөр тооцоог нэгтгэсэн цахим платформыг ашиглалтад оруулжээ. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын 1,000 оюутныг гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах хөтөлбөрийг 2027 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.

Чиг үүргийн хороодын тайлангаас

  1. Сургалт, судалгааны чиг үүргийн хороо 27 сургалт болон бусад ажил зохион байгуулж, сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд 2,911 оролцогчийг хамруулжээ. Мөн жуулчны хөтөч-тайлбарлагчийн ажил мэргэжлийн стандартыг боловсруулж батлуулан, ATF 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахад хамтран ажиллав.
  2. Зах зээл, маркетингийн чиг үүргийн хороо олон улсын аялал жуулчлалын зургаан үзэсгэлэнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, давхардалгүй тоогоор 32 байгууллагын оролцоог хангажээ. SITF Seoul үзэсгэлэнгийн Монголын павильон 2025, 2026 онд дараалан шилдэг тохижилттой павильоноор шалгарсан байна.
  3. Дэд бүтэц, цахим шилжилтийн чиг үүргийн хороо гадаад, дотоодын нислэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жуулчин тээвэр болон байршуулах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ажиллаж, гишүүн байгууллагын бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийг хөгжүүлэх ажлыг эхлүүлжээ.
  4. Хууль, эрх зүй, стандарт, хөрөнгө оруулалтын чиг үүргийн хороо зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, дэн буудлын ерөнхий шаардлагыг тусгасан гурван стандарт батлагдсан талаар тайлагнав. Мөн зочид буудлын одны зэрэглэлийн стандартыг шинэчлэх чиглэлээр хийсэн ажлаа танилцууллаа.

Салбар холбоодын онцлох ажлууд

  1. Монголын Солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо (МОКТА) Монголд аялсан солонгос жуулчдаас 4,268 асуумж цуглуулж, 70 тур оператор, 232 хөтөч-тайлбарлагчийг тус тусын судалгаанд хамруулжээ.
  2. Хятад зах зээлийн салбар холбоо ITB China, ITE Hong Kong үзэсгэлэнд гишүүн компаниудын оролцоог хангаж, Spring Airlines компанийн Шанхай–Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн нээлтэд хамтран ажиллав.
  3. Америк-Монголын аялал жуулчлалын хөгжлийн тэгш нийгэмлэг (АМТА) 42 тур операторыг эгнээндээ нэгтгэж, АНУ-ын зах зээлд Монгол Улсыг төлөөлөх таван тур операторыг шалгаруулжээ.
  4. Европ зах зээлийн салбар холбоо ITB Berlin, WTM London үзэсгэлэнд Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, гишүүн байгууллагуудын мэдээллийг багтаасан аялал жуулчлалын газрын зураг бүхий сурталчилгааны материал боловсруулав.
  5. Гадаад аяллын салбар холбоо тайлант онд 39 ажил хэрэгжүүлж, нислэгийн суудлын хүртээмж, бүлгийн захиалгын журам зэрэг гишүүдийн үйл ажиллагаанд хамаарах асуудлаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлжээ.
  6. Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо дөрвөн суурь сургалт, гурван мастер сургалт зохион байгуулж, мэргэжлийн үнэмлэх олгох шалгалтыг гэрээний үндсэн дээр зохион байгуулав. Тус холбоо 52 гишүүнтэй болжээ.
  7. Монголын жуулчин тээврийн холбоо жуулчин тээврийн жолооч нарт мэргэшүүлэх сургалт зохион байгуулж, тээврийн хэрэгслийн ашиглалт, стандартын хэрэгжилтийг судлан, жуулчин тээврийн таних тэмдэг нэвтрүүлэх чиглэлээр ажиллав.
  8. Төв аймгийн аялал жуулчлалын холбоо аймгийн аялал жуулчлалын анхдугаар зөвлөгөөнд 300 гаруй төлөөлөгчийг хамруулж, орон нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг 40 орчим тур операторт танилцуулжээ.
  9. Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн салбар холбоо орон нутгийн аялал жуулчлал эрхлэгчдэд зочлох үйлчилгээний сургалт зохион байгуулж, малчдын бүлэг, нөхөрлөл, хоршоодод зөвлөгөө өгчээ. Мөн холбогдох хууль, стандартын шинэчлэлд санал хүргүүлэв.

Удирдах зөвлөлийн нөхөн сонгуулийн дүн

Хуралдааны үеэр болсон Удирдах зөвлөлийн нөхөн сонгуулиар нэр дэвшигч Х.Азжаргал нийт саналын 81.6 хувийг авч, Удирдах зөвлөлийн 29 дэх гишүүнээр сонгогдлоо. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлд бүртгүүлэх асуудал, бүртгэлийн цахим системийн танилцуулга мөн хуралдааны хөтөлбөрт багтсан байв.

Хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлсэн МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн оюутан сайн дурын ажилтнууддаа талархал илэрхийлье.

2026 оны үйл ажиллагааны тайланг https://mto.mn/page/9 -ээс үзнэ үү.