
Баян-Өлгий аймгийн Сагсай суманд 2026 оны 9 дүгээр сарын 17–18-нд зохион байгуулагдсан Sagsai Golden Eagle Festival 2026 амжилттай болж өндөрлөлөө. Энэ жил Сагсай, Буянт, Улаанхус, Ногооннуур, Толбо, Алтанцөгц сумын 80 орчим бүргэдчин оролцож, бүргэдээр ан хийх уламжлал, морин спорт, соёл урлагийн хөтөлбөрийг хоёр өдрийн турш зочдод толилуулав.
Сагсайн бүргэдийн баярыг Аян Трэйвел ХХК санаачлан, Сагсай сумын бүргэдчдийн “Түлэк” холбоо болон Сагсай сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа.
Бүргэдчдийн үндсэн тэмцээнд Сагсай сумын Е. Елдос тэргүүн байр, Буянт сумын У. Егізбай дэд байр, Сагсай сумын Б. Динислам гуравдугаар байр эзлэв. Мөн тулам булаалдах тэмцээнд Е. Жанкелди, мөнгө шүүрэх тэмцээнд С. Женісбек тус тус түрүүллээ.
Энэ жилийн баярт залуу бүргэдчдийн амжилт онцгой байв. Үндсэн тэмцээний аварга Е. Елдос 15 настай, гуравдугаар байр эзэлсэн Б. Динислам 10 настай бөгөөд тэдний амжилт бүргэдээр ан хийх өв соёл залуу үед өвлөгдөн үргэлжилж буйг харууллаа.
Фестивалийн үеэр нутгийн иргэд гар урлал, бэлэг дурсгалын худалдаа, хоол үйлчилгээ эрхэлж, зочдод үйлчилсэн юм. Жуулчид мөн зочид буудал, гэр буудал, хөтөч, жолооч, морь болон автомашины үйлчилгээ ашигласнаар орон нутгийн иргэдэд орлого олох боломж бүрдэв.
Сагсайн бүргэдийн баярын өмнөх болон дараах аялал, гэрэл зургийн хөтөлбөрүүд нь Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын улирлыг уртасгах, орон нутгийн орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж байна. Монголын аялал жуулчлалын компаниуд, хөтөч, жолооч нар тус баярыг аяллын хөтөлбөртөө жил бүр багтааж, олон улсын жуулчдад Баруун Монголын өв соёл, байгалийг таниулж байна.
Sagsai Golden Eagle Festival 2027 ирэх оны 9 дүгээр сарын 17–18-нд Баян-Өлгий аймгийн Сагсай суманд болно.





