Хамтарсан уриалгаар нийслэлд мөрдөж буй хотын албан татварын хувь хэмжээг 2.0 хувиас 1.0 хувь болгон бууруулж, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид уриалжээ.
Уриалгад дурдсанаар тус салбарт 41,100 хүн ажиллаж байгаа бөгөөд улирлын чанартай түр ажлын байр, шууд бус хөдөлмөр эрхлэлтийг хамруулбал нийт 83,000 орчим ажлын байр бий болгож байна. Салбарын мэргэжлийн холбоодын судалгаагаар сүүлийн хоёр жилийн хугацаанд хоолны үйлчилгээний бизнесийн 25 хувь нь үйл ажиллагаагаа зогсоож, амралт, жуулчны баазын 20 хувь нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хүрчээ.
Холбоод татварын өөрчлөлтийн нөлөөллийг тооцож, нийслэлийн 2027 оны төсвийн төлөвлөлттэй уялдуулахыг санал болгосон байна. Мөн татварын орлогоор санхүүжүүлэх ажлын чиглэл, төсөв, хугацаа, хариуцах байгууллага, үр дүнгийн шалгуурыг тодорхойлж, төлөвлөлтөд салбарын төлөөллийн саналыг тусгахыг уриаллаа.
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо НЭЗХЭ болон хамтран уриалга гаргасан холбоод татварын өөрчлөлтийн нөлөөллийг тооцох, үйлчилгээний орчны хэрэгцээ, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжилт, үр дүнг үнэлэхэд мэргэжлийн санал, нэгтгэсэн мэдээллээр хангаж, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


