Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Гадаад харилцааны менежер М.Мөнхжаргал нар БНСУ-ын Чуннам аймгийн Аялал жуулчлал, маркетингийн албаны дарга Shin Doo-Chul, мэргэжилтэн Kim Jin-kyu болон тус аймгийн Аялал жуулчлалын холбооны мэргэжилтэн Kim Yeon-Nam нартай уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр хоёр тал аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаа, харилцан жуулчин солилцох боломж болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Чуннам аймаг нь 8,254 км² нутаг дэвсгэртэй, 2.2 сая орчим хүн амтай бөгөөд БНСУ-ын нийслэл Сөүл хотоос галт тэргээр 40 минут, Инчоны олон улсын нисэх буудлаас ойролцоогоор хоёр цагийн зайд оршдог.
Тус аймаг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Пэгжэ улсын түүх, соёлын дурсгалт цогцолбор, үзэсгэлэнт байгаль, олон ангит киноны зураг авалтын алдартай газрууд, түүхэн сүм хийдүүдээс гадна шавар, уламжлалт хоол хүнсээрээ жуулчдын сонирхлыг татдаг аялал жуулчлалын бүс юм.
Чуннам аймгийн төлөөлөгчид Монгол Улсаас жуулчин хүлээн авах, Монголын аялал жуулчлалын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Энэ хүрээнд 9 дүгээр сарын 17-ны өдөр Чуннам аймгийн төлөөлөгчид болон МОКТА холбооны гишүүн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан уулзалтыг Аялал жуулчлалын Мэргэжлийн Холбооны хурлын танхимд зохион байгуулахаар боллоо.
Тус уулзалт, хамтын ажиллагааг Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо-ны гишүүн, “ОК Трэйвел” компанийн захирал Н.Бямбаа зохион байгуулав.


