SCORE HoCo хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг Тэрэлжид газар дээр нь үнэлж байна


Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-ын SCORE HoCo буюу Зочлох үйлчилгээний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт, зөвлөх үйлчилгээний үр дүнг дүгнэх уулзалт 2026 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Тэрэлжид болж байна.

Уулзалтад хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, үндэсний сургагч багш, зөвлөхүүд оролцож, сургалтын хүрээнд эзэмшсэн мэдлэг, байгууллагадаа хэрэгжүүлсэн сайжруулалт, гарсан үр дүн, тулгамдсан асуудал болон цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Мөн оролцогчид Тэрэлжид үйл ажиллагаа явуулж буй зочлох үйлчилгээний байгууллагуудад газар дээр нь ажиллаж, SCORE HoCo арга зүйн дагуу хэрэгжүүлсэн сайжруулалтыг үнэлэн, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, цаашид хөгжүүлэх боломжуудыг тодорхойлж байгаа юм.

Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй SCORE HoCo хөтөлбөр нь зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүдийн бүтээмж, үйлчилгээний чанар, хүний нөөцийн менежмент болон ажлын байрны хамтын ажиллагааг сайжруулах, байгууллагын хэмжээнд тасралтгүй сайжруулалтын соёлыг төлөвшүүлэхэд чиглэдэг.

Түүнчлэн хариуцлагатай аялал жуулчлал, байгаль орчинд ээлтэй бизнесийн үйл ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих замаар залуучуудад ээлтэй, тогтвортой, чанартай ажлын байрны орчныг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

2026 оны хөтөлбөрт хамрагдаж буй байгууллагууд

  1. “Алунгоо Лодж Тэрэлж”
  2. “Тэрэлж Хиллс Лодж”
  3. “Тэрэлж Маунтин Лодж”
  4. “Эм Эс Интернэшнл” зочид буудал
  5. “Нью Вест” зочид буудал
  6. “Мэй Севен” зочид буудал
  7. “Альфа” зочид буудал

2026 оны SCORE HoCo хөтөлбөр нь төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын хамтарсан санхүүжилтийн загвараар хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, оролцогч аж ахуйн нэгжүүд болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилттэй ОУХБ-ын Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (YEPP) төслийн хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлж байгаа юм.

Сургалтаар эзэмшсэн мэдлэгийг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд бодитоор нэвтрүүлж, хэрэгжилтийн үр дүнг газар дээр нь үнэлэх, цаашдын сайжруулалтын чиглэлийг тодорхойлох нь SCORE HoCo хөтөлбөрийн үндсэн зорилтын нэг юм.