МОНГОЛ УЛС ФРАНЦЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТОМООХОН ЗАХ ЗЭЭЛД АЯЛЛЫН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА


Монгол Улс Францын Парис хотноо 2026 оны 9 дүгээр сарын 15–17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан аялал жуулчлалын олон улсын мэргэжлийн IFTM Top Resa 2026 үзэсгэлэнд гурван тур оператор байгууллагаар дамжуулан оролцлоо.

Монгол Улсыг төлөөлөн:

  1. DMD Mongolia
  2. Nomad Planet
  3. Unlock Steppe Mongolia

зэрэг тур оператор оролцож, Франц болон олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монголын нүүдлийн соёл, байгаль, аяллын өвөрмөц бүтээгдэхүүн, туршлагыг танилцуулав.

Үзэсгэлэнгийн үеэр Монголын тур операторууд олон улсын тур оператор, аяллын агентлагуудтай бизнесийн уулзалт хийж, шинэ зах зээлд нэвтрэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ түншлэл бий болгох боломжуудын талаар санал солилцлоо.

Францын зах зээлийн ач холбогдол

Франц Улс нь Монголын аялал жуулчлалын салбарын чухал зорилтот зах зээлийн нэг юм. 2025 онд Франц Улсаас 7,689 жуулчин Монгол Улсад ирсэн бөгөөд тус зах зээлээс ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монголын аяллын бүтээгдэхүүний борлуулалт, хүртээмжийг өргөжүүлэх боломжтой байна.

IFTM Top Resa 2026 үзэсгэлэн Парис хотын Paris Expo Porte de Versailles үзэсгэлэнгийн төвийн Hall 1 танхимд зохион байгуулагдав. Энэ жилийн үзэсгэлэнд:

  1. 177 аялал жуулчлалын зорих газар;
  2. 1,650 брэнд;
  3. 32,000 гаруй салбарын мэргэжилтэн оролцож;
  4. 16,700 гаруй бизнесийн уулзалт зохион байгуулагдлаа.

“The Value of Travel” буюу “Аяллын үнэ цэнэ” сэдвийн хүрээнд болсон энэ жилийн үзэсгэлэн аялал жуулчлалаас бий болох эдийн засаг, орон нутгийн хөгжил, хүний болон нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, тогтвортой хөгжил, хамтын үнэ цэнийг онцлон авч үзсэн юм.

Монгол Улс олон улсын мэргэжлийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцсоноор эх орноо шинэ зах зээлд сурталчлан таниулах, олон улсын аялал жуулчлалын байгууллагуудтай шууд холбоо тогтоох, шинэ түншлэл бий болгох, аяллын бүтээгдэхүүнээ сурталчлах, улмаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Үзэсгэлэн: IFTM Top Resa 2026

Хугацаа: 2026 оны 9 дүгээр сарын 15–17

Байршил: Paris Expo Porte de Versailles, Hall 1, Парис хот, Франц Улс