МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ГАДААД ХАРИЛЦААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАЛАА


Олон улсын байгууллагуудтай түншлэлээ өргөжүүлж, дэлхийн судалгаа, мэдээлэлд тулгуурласан хөгжлийн шинэ боломжийг нээв.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ)-ны төлөөлөгчид “Global Tourism Economy Forum – Macao 2026” болон “The 20th UN Tourism/PATA Forum on Tourism Trends and Outlook” олон улсын форумд оролцож, дэлхийн аялал жуулчлалын тэргүүлэх байгууллагууд болон бизнесийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны боломжуудыг өргөжүүллээ.


МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨСӨЛТТЭЙ ЧИГЛЭЛҮҮДИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭВ

UN Tourism байгууллагын дэлхийн аялал жуулчлалын барометрийн мэдээллийг танилцуулах үеэр Монгол Улс 2026 оны эхний хагас жилийн олон улсын жуулчдын өсөлтөөр дэлхийд долоодугаарт эрэмбэлэгдсэнийг онцоллоо. Энэ нь Монгол Улсыг олон улсын зах зээлд сурталчлах, шинэ зах зээлээс жуулчин татах боломж байгааг харуулж байна.


ДЭЛХИЙН ТОМООХОН БАЙГУУЛЛАГУУДЫН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАНА

PATA-тай байгуулсан санамж бичиг болон UN Tourism, Mastercard-ийн төлөөлөлтэй хийсэн уулзалтууд нь аялал жуулчлалын салбарын олон улсын судалгаа, зах зээлийн мэдээлэл, жуулчдын хэрэглээ, зарцуулалтын талаарх өгөгдлийг ашиглах, солилцох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж бүрдүүллээ.

Ингэснээр 2024–2026 оны аялал жуулчлалын судалгаа, тайлан, зах зээлийн мэдээллийг ашиглан Монгол Улсын аялал жуулчлалын бодлого, маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг илүү оновчтой төлөвлөх боломжийг эрэлхийлнэ.


ХОНКОНГИЙН ПОЛИТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний боловсрол, сургалт, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллах үндсийг тавилаа.


МАКАОГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИХ СУРГУУЛЬТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

Мэргэжлийн богино хугацааны сургалт, дадлага, тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын боловсрол, сургалтын туршлагыг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.


МАСТЕРКАРДТАЙ ЗАХ ЗЭЭЛИЙН СУДАЛГАА, ДАТАД СУУРИЛСАН МАРКЕТИНГИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ

Жуулчдын зарцуулалт, хэрэглээний зан төлөв, зорилтот зах зээлийг тодорхойлох, олон улсын төлбөр тооцооны хүртээмжийг сайжруулах чиглэлээр санал солилцлоо.


БНХАУ-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЖУУЛЧИН ТАТАХ БОЛОМЖ

БНХАУ-ын 2025 оны аялал жуулчлалын статистикаар нийт 154.5 сая удаагийн гадаад чиглэлийн жуулчны нэвтрэлт бүртгэгдсэнээс эх газрын Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдийн үзүүлэлт 35.17 сая байв. Нийт 154.5 сая үзүүлэлтэд Хонконг, Макао, Тайванийн иргэдийн нэвтрэлтийг мөн хамруулдаг. Харин 2025 онд гадаадын иргэдийн 30.08 сая удаагийн нэвтрэлт визгүй зорчих нөхцөлөөр хийгдэж, өмнөх оноос 49.5 хувиар өссөн байна.

2026 оны мэдээллээр БНХАУ 29 улстай харилцан визгүй зорчих хэлэлцээртэй, 50 улсын иргэдэд тодорхой нөхцөлөөр визгүй нэвтрэх боломж олгож, 57 улсын иргэдэд гуравдагч улс, бүс рүү дамжин зорчихдоо 240 цаг хүртэл визгүй байх нөхцөлийг хэрэгжүүлж байна.

Эдгээр үзүүлэлт нь БНХАУ-ын олон улсын аялал жуулчлалын зах зээлийн цар хүрээ, бүс нутгийн аяллын боломжийг харуулж байна. Монгол Улсын хувьд Хятадын жуулчдын хэрэгцээ, аяллын чиг хандлагад нийцсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх, Монголыг олон улсын аяллын маршрутад холбох, зорилтот маркетинг хэрэгжүүлэх боломжийг судлах нь чухал юм.

АЖМХ цаашид олон улсын байгууллага, боловсролын байгууллага, бизнесийн түншүүдтэй хамтын ажиллагаагаа бодит ажил, төсөл, судалгаа, сургалтын хөтөлбөр болгон хөгжүүлж, Монголын аялал жуулчлалын салбарын өрсөлдөх чадвар, олон улсын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэн ажиллана.