БНХАУ-ын Хайнань мужийн Хайкоу хотод 2025 оны 12 дугаар сарын 19–21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан China International Travel Mart (CITM 2025) нь дэлхийн аялал жуулчлалын салбарын хамгийн том бизнес, маркетингийн уулзалтын нэг болж, 101 улс, бүс нутгийн төлөөллийг нэг дор цуглуулсан томоохон арга хэмжээ боллоо. Үзэсгэлэнд 1,000 гаруй аялал жуулчлалын оператор, компани оролцож, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийн чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудаа танилцуулсан юм.

Тус үзэсгэлэнд Монгол Улс Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэг дор Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, АЖМХ-ны Хятад зах зээлийн салбар холбоотой хамтран оролцож, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, соёлын өв, үйлчилгээний өргөн боломжийг олон улсын зах зээлд нэгдсэн байдлаар сурталчлав.
Хятад зах зээлд идэвхтэй ажилладаг дараах аж ахуйн нэгжүүд Монголын төлөөлөгчөөр оролцлоо. Үүнд:



CITM-2025 үзэсгэлэнгийн тусгай арга хэмжээний хүрээнд “New Juulchin Tour” компанийн Хятад зах зээлийг хариуцсан менежер Н.Нандин Монгол орны аялал жуулчлалын онцлог, үндэсний соёл, адал явдалт аялал, түүхэн болон өвлийн аялал жуулчлалын чиглэлүүдийн талаар нэгдсэн танилцуулга хийлээ. Тэрээр Хятад жуулчдын сонирхол, эрэлтэд нийцсэн аяллын маршрут, бүтээгдэхүүн, зах зээлийн бодит боломжийг онцлон танилцуулснаар олон улсын операторуудын анхаарлыг татсан юм.

Мөн “Цагаан лавай” чуулгын уран бүтээлчид Монголын уламжлалт урлаг, язгуур соёлын өвийг илэрхийлсэн тоглолтоо толилуулж, Монголын соёлын ялгарах онцлогийг амьд хэлбэрээр сурталчлав. Энэхүү тоглолт нь аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг соёлын контенттой уялдуулан таниулах чухал элемент болсныг оролцогчид онцолж байлаа.



Үзэсгэлэнгийн хүрээнд зохион байгуулагдсан B2B бизнес уулзалт нийт 3 цагийн турш үргэлжилж, Монголын төлөөлөгчид дунджаар 30 орчим компанитай нүүр тулан уулзалт хийж, аяллын бүтээгдэхүүн, хамтын ажиллагааны нөхцөл, зах зээлийн боломжийн талаар санал солилцов.
Эдгээр уулзалтуудын үр дүнд 10 орчим хамтын ажиллагааны гэрээ байгуулах бодит боломж бүрдэж, цаашид хамтарсан маршрут хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, шинэ зах зээлд хамтран ажиллах суурь тавигдлаа.




ХОЁР УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖ:
Арга хэмжээний үеэр БНХАУ-ын Хубэй мужийн Аялал жуулчлалын газрын дарга Кө Кө Монголын уран бүтээлчдийн соёлын тоглолтыг үзэж сонирхон, Монголын өв соёл, уран бүтээлийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтойг онцоллоо. Тэрээр цаашид хоёр улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол Улс руу чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх, урлаг соёлын солилцоог идэвхжүүлэх боломж байгааг илэрхийлсэн юм.


