Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн аялал жуулчлалын брэндийн чиглэлийг тодорхойлох, санал солилцох уулзалт зохион байгуулагдаж байна.
Төслийн хүрээнд зорилтот аймгуудын аялал жуулчлалын брэндийн концепц болон туршилтын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Дархан-Уул аймагт зориулан боловсруулсан брэнд концепцийн хувилбаруудыг орон нутгийн оролцогч талуудад танилцуулж, санал авч байна.


Хэлэлцүүлгээр аймгийн онцлог, түүх, соёл, аялал жуулчлалын нөөц боломж, зах зээлийн хэрэгцээ, цаашдын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэхийн зэрэгцээ хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн оролцоо, хамтын ажиллагааны боломжид тулгуурлан санал болгож буй хувилбаруудыг үнэлэх юм. Оролцогчдын саналыг нэгтгэснээр Дархан-Уул аймгийн онцлог, давуу талыг илэрхийлэх хамгийн тохиромжтой аялал жуулчлалын брэндийн чиглэлийг эцэслэн сонгоно.
Уулзалтад орон нутгийн удирдлага, иргэдийн төлөөлөл, аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцож, Дархан-Уул аймгийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар санал солилцож байна.
Энэхүү уулзалтын үр дүнд орон нутгийн оролцогч талуудын саналд тулгуурласан, Дархан-Уул аймгийн өвөрмөц онцлогийг илэрхийлэх аялал жуулчлалын нэгдсэн брэндийн чиглэл тодорхой болж, цаашдын туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх суурь бүрдэх ач холбогдолтой.


-
