БНХАУ-ЫН ХАЙНАНЬ МУЖИЙН СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРТАЛЧИЛГААНЫ УУЛЗАЛТ МОНГОЛ-ХАЙНАНИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ


2026 оны 7 дугаар сарын 22-ны өдөр БНХАУ-ын Хайнань мужийн соёл, аялал жуулчлалын сурталчилгаа, бизнес уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, кино, телевиз, спортын газар зохион байгуулж, Хайнань мужийн аялал жуулчлалын байгууллагууд, томоохон тур операторууд, өндөр зэрэглэлийн зочид буудлын төлөөлөл Монголын аялал жуулчлалын салбарын байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийв.

Арга хэмжээний үеэр Хайнань мужийн аялал жуулчлалын нөөц боломж, онцлог бүтээгдэхүүн үйлчилгээ, чөлөөт худалдааны боомтын татваргүй бодлого, олон улсын шууд нислэгийн давуу тал зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулж, Монголын аялал жуулчлалын салбартай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг хэлэлцлээ. Энэхүү уулзалт нь хоёр талын хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулж, Монголын зах зээлд Хайнань мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг илүү өргөн хүрээнд сурталчлах шинэ боломжийг бүрдүүлэв.

Арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх Ли Жи, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Худалдааны зөвлөх Түмэнбаяр нар оролцож, хоёр улсын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.

Соёлын зөвлөх Ли Жи хэлсэн үгэндээ:

"Хайнанийн халуун орны арлын өвөрмөц байгаль, Монголын өргөн уудам тал нутаг харилцан бие биеэ нөхөх онцлогтой. Энэхүү соёл, аялал жуулчлалын солилцоо нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг улам баяжуулах чухал гүүр болно" хэмээн онцоллоо.

Харин Худалдааны зөвлөх Түмэнбаяр:

"Монголын иргэдийн дунд Хайнань мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний эрэлт тогтвортой өсөж байна. Хоёр улсын хоорондын шууд нислэгүүд нь иргэдийн зорчих нөхцөлийг илүү хялбар болгож, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна" гэдгийг тэмдэглэв.

Мөн Хайнань мужийн Аялал жуулчлал, соёл, радио, кино, телевиз, спортын газрын төлөөлөл Монголын жуулчдад зориулсан монгол хэл дээрх үйлчилгээ, төлбөр тооцооны хялбар шийдлүүдийг өргөжүүлж, Хайнаньд аялах нөхцөлийг улам сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаагаа танилцууллаа.

Монголын жуулчдад зориулсан аяллын бүтээгдэхүүнийг онцлон танилцуулав

Сурталчилгааны үеэр Монголын зах зээлийн хэрэгцээнд нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа. Үүнд:

  1. Далайн эргийн амралт
  2. Халуун орны ширэнгэн ойн аялал
  3. Серфинг, шумбалт зэрэг усан спорт
  4. Эрүүл мэндийн аялал жуулчлал
  5. Боао Лэчэн олон улсын эрүүл мэндийн аялал жуулчлалын туршилтын бүс
  6. Хайнань чөлөөт худалдааны боомтын татваргүй худалдаа

зэрэг аяллын бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, Монголын жуулчдын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн шинэ боломжуудыг онцлов.

Арга хэмжээний үеэр Хайнань мужийн аялал жуулчлалын сурталчилгааны видео, сэдэвчилсэн танилцуулга, өндөр зэрэглэлийн зочид буудлуудын бүтээгдэхүүний мэдээллийг хүргэж, олон улсын түвшинд хөгжиж буй үйлчилгээний стандарт, бизнесийн орчин, татваргүй худалдааны бодлогыг Монголын салбарын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг өндөрөөр үнэлэв

Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Хайнань мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, чөлөөт худалдааны бодлого, аялал жуулчлалын дэд бүтцийг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааг дараах чиглэлээр өргөжүүлэх боломжтой гэдэгт санал нэгдэв.

Үүнд:

  1. Харилцан жуулчин солилцоог нэмэгдүүлэх;
  2. Хамтарсан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэх;
  3. хамтарсан маркетинг, сурталчилгаа хэрэгжүүлэх;
  4. Салбарын туршлага, мэдлэг солилцох;
  5. Байгууллагуудын тогтмол хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Монголын "Глобал Трэйвэл Корпораци" ХХК-ийн төлөөлөл:

"Монгол Улс далайд гарцгүй орны хувьд далайн эргийн амралт, ширэнгэн ой, усан спорт зэрэг аяллын бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг. Хайнань мужийн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь Монголын жуулчдын хэрэгцээтэй бүрэн нийцэж байна. Шууд нислэг тогтвортой үйлдэж байгаа нь аяллыг улам хүртээмжтэй болгож, Хайнань чиглэлийн аяллын эрэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна" хэмээн онцоллоо.

Жуулчдын урсгал тогтвортой өсөж байна

Статистик мэдээллээр 2025 онд Хайнань мужид нийт 62,700 Монгол жуулчин аялсан нь өмнөх оноос 32.7 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Хайнань чиглэлд дөрвөн чиглэлээр долоо хоногт зургаан удаагийн шууд нислэг үйлдэж байгаа нь хоёр улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчилж, аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Аялал жуулчлалын байгууллагуудтай ажил хэргийн уулзалт хийв

Албан ёсны арга хэмжээний дараа Хайнань мужийн төлөөлөгчид Монголын томоохон аялал жуулчлалын байгууллагууд болох "Хаан Трэвел" ХХК, "Глобал Трэйвэл Корпораци" ХХК, Хүннү Эйр болон "Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо" НЭЗХЭ-нд зочлон ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар:

  1. Монголын жуулчдад зориулсан урамшууллын бодлого;
  2. нислэгийн дэмжлэг;
  3. хамтарсан сурталчилгаа, маркетинг;
  4. аяллын шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх;
  5. харилцан жуулчин солилцоог нэмэгдүүлэх;
  6. байгууллагуудын тогтмол хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлсон юм.

Цаашид Хайнань муж Монголын зах зээлд чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх, монгол хэл дээрх үйлчилгээг өргөжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жуулчдад зориулсан үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулах замаар Монгол-Хайнань хоёр талын соёл, аялал жуулчлалын урт хугацааны хамтын ажиллагааг улам бэхжүүлэхээр ажиллахаа илэрхийллээ.