6 БАЙРШИЛД “ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос орон нутгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын хүний нөөц, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор “Зочлох үйлчилгээний чанар” сэдэвт нэг өдрийн чадавх бэхжүүлэх сургалтыг 2026 оны 6 дугаар сарын 19-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалт Сэлэнгэ, Дархан-Уул, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Булган, Орхон, Архангай гэсэн 6 байршилд болж, нийт 448 оролцогч бүрэн хамрагдсан байна. Бүртгэлийн мэдээллээр 463 хүн сургалтад хамрагдсан бөгөөд Хатгал тосгонд сургалтаа бүрэн дүүргэсэн 61 оролцогчид сертификат олгожээ. Сургалтад зочид буудал, жуулчны бааз, кемп, амралтын газар, ресорт, гэр буудал, ресторан, кафе, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын компани, морин аялал, орон нутгийн үйлдвэрлэгчид, соёлын байгууллага, төрийн байгууллагын төлөөлөл оролцов.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод хэрэглэгчийн туршлагад суурилсан үйлчилгээ, анхны сэтгэгдэл, харилцагчийн гомдол шийдвэрлэлт, үйлчилгээ сэргээх арга барил, цахим мэдээллийн чанар, онлайн захиалга, хэрэглэгчийн үнэлгээ болон дижитал маркетингийн практик мэдлэг олголоо. Мөн орон нутгийн байгаль, түүх, соёл, хоол хүнс, ахуйд тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх талаар кейс, хэлэлцүүлэг, нөхцөл байдлын дасгалаар ажилласан байна.

Сургалтын үеэр оролцогчид үйлчилгээний чанарт нөлөөлөх чухал цэгүүдийг тодорхойлох, жуулчинтай үр дүнтэй харилцах, цахим орчин дахь мэдээлэл болон хэрэглэгчийн сэтгэгдэлтэй ажиллах, өөрийн байгууллагын ялгарах бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлээр бодитой зөвлөмж, мэдлэг авлаа.

Энэхүү сургалт нь төр, орон нутаг, хувийн хэвшил, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, KOICA болон KOICS-ийн хамтын ажиллагааг орон нутагт бодит үр дүн болгон хэрэгжүүлсэн ажил боллоо. Цаашид сургалтын дараах үнэлгээг хийж, оролцогч байгууллагуудыг цахим маркетинг, үйлчилгээний стандарт, зөвлөх үйлчилгээ болон богино модуль сургалтаар үргэлжлүүлэн дэмжихээр төлөвлөж байна.