“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал–Жанхай–Тойлогт чиглэлийн 32 км авто зам, түүнтэй холбох 2 км зам, мөн Хатгал–Хүзүүвчийн шил–Ашихай чиглэлийн 5.5 км авто замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна.
Энэхүү замын ажлууд нь Хөвсгөл нуурын аялал жуулчлалын бүсэд зорчих дэд бүтцийг сайжруулж, аялагчид болон орон нутгийн иргэдийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм. Зам ашиглалтад орсноор жуулчид зөвхөн аяллын оргил улиралд бус, дөрвөн улирлын турш Хөвсгөлийн аялал жуулчлалын гол бүсүүдэд илүү хүртээмжтэй зорчих боломжтой болно.

Түүнчлэн нэгдсэн, стандартын шаардлага хангасан авто замтай болсноор тусгай хамгаалалттай газар нутагт олон салаа зам үүсгэх, хяналтгүйгээр зорчих явдал буурна. Ингэснээр хөрс талхлагдах, ургамлын бүрхэвч гэмтэх, байгалийн тогтоц доройтох эрсдэлийг багасгаж, Хөвсгөл нуур орчмын эмзэг экосистем, байгалийн унаган төрхийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна.
Мөн аяллын урсгалыг зохистой чиглүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг, дунд бизнесийн боломжийг дэмжих суурь нөхцөл бүрдэх юм.
Жанхайн даваа–Тойлогт чиглэлийн авто замыг Үндэсний их баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Харин Жанхай–Хатгал чиглэлийн замын ажлыг наймдугаар сард бүрэн дуусган, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.


