“АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026”-ЫН ҮР ДҮН, ЦААШДЫН ЧИГЛЭЛ


15 дах удаагийн “Азийн Аялал Жуулчлалын Форум-2026” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөж, аялал жуулчлалын боловсрол, судалгаа, үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон санал, санаачилгыг дэвшүүллээ.

Форумын үеэр оролцогчид аялал жуулчлалын салбарын хөгжилд онол, практикийг хослуулсан хамтын ажиллагаа чухал болохыг онцолж, эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллах чиглэлийг дэмжив.

Мөн Монголын эрдэмтэн, судлаачдыг олон улсын эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын төлөөлөлтэй хамтарсан судалгаа хийх, олон улсын түвшний эрдэм шинжилгээний бүтээл туурвих боломжийг нэмэгдүүлэхээр санал нэгдлээ.

Салбарын мэргэжилтнүүдийг гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад богино болон урт хугацааны сургалт, мэргэшүүлэх хөтөлбөрт хамруулах, туршлага судлуулах ажлыг өргөжүүлэх шаардлагатайг онцолсон юм.

Түүнчлэн аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг гадаадын их, дээд сургуулиудад суралцах, солилцооны хөтөлбөрт хамруулах, багш, судлаачдын танилцах болон туршлага судлах аяллыг тогтмолжуулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэв. Мөн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр гадаадад төгссөн мэргэжилтнүүдийг Монгол Улсад ажиллуулах, мэдлэг туршлага солилцох тогтолцоог хөгжүүлэх нь салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх чухал алхам болохыг тэмдэглэлээ.