ITE HONG KONG 2026 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ХОЁР ДАХЬ ӨДӨР ҮР ДҮНТЭЙ УУЛЗАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГААГААР ӨРНӨЛӨӨ


Хонконг хотноо зохион байгуулагдаж буй олон улсын аялал жуулчлалын ITE Hong Kong 2026 үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр ажил хэрэгч уулзалт, үр дүнтэй хэлэлцээ, идэвхтэй сурталчилгаагаар дүүрэн өндөрлөлөө.

Үзэсгэлэнгийн үеэр Хонконг дахь Монгол Улсын Консулын газрын Дэд консул З.Тэлмүүн, Д.Нямхүү нар үзэсгэлэнгийн талбайд хүрэлцэн ирж, Монгол Улсаа төлөөлөн оролцож буй аялал жуулчлалын компаниудын төлөөлөлтэй уулзан санал солилцож, үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.

Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооны гишүүн байгууллагууд болох Travel On LLC, Adventure Mongolia LLC, Active Adventure Tours LLC, Nomadic Trails компаний төлөөлөгчид Хонконгийн аялал жуулчлалын компаниудтай хоёр талын бизнес уулзалтууд зохион байгуулж, хамтын ажиллагааны шинэ боломж, жуулчин солилцоо, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн чиглэлээр үр дүнтэй хэлэлцээ өрнүүлэв.

Монголын аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид Азийн зах зээлд эх орныхоо брэндийг сурталчлан таниулахын зэрэгцээ бизнесийн шинэ сувгуудыг нээж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр амжилттай ажиллаж байна.