"АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ-2026" ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫГ ХӨНДӨВ


Азийн аялал жуулчлалын форумын хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаануудад тогтвортой хөгжил, хиймэл оюун ухаан, технологийн шинэчлэл, хүний нөөцийн хөгжил, зорих газрын менежмент зэрэг аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр аяллын зорилго, жуулчдын хэрэгцээ, хэрэглээ дэлхий даяар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг бэлтгэх арга барил, мэргэжилтнүүдийн хандлага мөн өөрчлөгдөж байгааг онцлов. Тогтвортой аялал жуулчлал хөгжихийн хэрээр зөвхөн үйлчилгээ үзүүлэхээс гадна байгаль орчин, нийгэм, соёлын үнэт зүйлсийг хамгаалах мэдлэг, ур чадвар шаардлагатай болж буйг оролцогчид хэлж байв.

Мөн Монгол Улс нүүдлийн ахуй, уламжлалт зан үйл, өв соёлоо олон улсын зах зээлд оновчтой сурталчилж чадвал аялал жуулчлалын онцгой бүтээгдэхүүн бий болгох өргөн боломжтойг онцоллоо. Энэхүү өвөрмөц соёлын үнэт зүйлс нь Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын зах зээлд ялгаруулах чухал давуу тал болохыг тэмдэглэв.