Аялал жуулчлалын боловсрол, сургалт, судалгааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгээс Хонконгийн Политехникийн их сургуулийн Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургуулийн захирал, нэрт эрдэмтэн профессор Кэй Чоныг “ХҮНДЭТ ГИШҮҮН”-ээр өргөмжлөн, “ЭРДМИЙН ГЭГЭЭН БИЛИГ” одонгоор шагнав.
Профессор Кэй Чон нь дэлхийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний боловсролын салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийн нэг бөгөөд Монголын эрдэмтэн судлаачид, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, судалгаа, сургалт, академик хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм.
Тэрээр Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн 10 дахь Хүндэт гишүүн, мөн гадаад улсаас энэхүү эрхэм хүндэт цолыг хүртэж буй анхны эрхэм болж байна.

