15 дах удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF-2026) Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн форум нь “Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хуралдаанууд гурван танхимд зэрэг явагдаж байна. Энэхүү форум нь Монгол Улсын төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэх, олон улсын шилдэг туршлага, шинжлэх ухаанд суурилсан шийдэл, хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Форумд 26 орны эрдэмтэн судлаач, бодлого тодорхойлогч, салбарын мэргэжилтэн зэрэг 150 гаруй төлөөлөгч оролцож, аялал жуулчлалын менежмент, маркетинг, тогтвортой хөгжил, зочлох үйлчилгээний инноваци болон салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна. Тус арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монголын Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо, Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Hong Kong Polytechnic University School of Hotel and Tourism Management хамтран зохион байгуулж байна.









