ТХГН-ийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг энэ хүрээнд Монгол Алтайн нурууны бүс, Онон-Балжийн байгалийн цогцолборт газар орчмын нутаг, Сүхбаатар аймгийн Дарьганга сум зэрэг гурван чиглэлд ажиллаж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хүргэн, орон нутгийн санал бодлыг сонслоо.
Монгол Алтайн нурууны бүсэд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Мөнхбат, Монгол Алтайн нурууны УТХГ, Хөх сэрхийн нурууны УТХГ-ын албан хаагчид, Алтай, Сагсай, Цэнгэл, Улаанхус, Ногооннуур, Дэлүүн сумын удирдлага, холбогдох албан хаагчид, аялал жуулчлалын холбоо болон байгаль орчны чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.


Мөн Дорнод, Хэнтий аймгийн нутагт зохион байгуулсан хэлэлцүүлэгт аймгийн ЗДТГ-ын төлөөлөл, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, багийн Засаг дарга нар, Орчны бүсийн зөвлөлийн гишүүд болон олон нийтийн төлөөлөл оролцож, хуулийн төсөлд тусгах саналаа илэрхийллээ. ТХГН-ийн тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн Д.Галбадрах хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, иргэдийн санал, байр суурийг сонссон байна.
Харин 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулсан хэлэлцүүлэгт Дарьганга, Наран сумын ИТХ, ЗДТГ, тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгжүүд, ТХГН болон орчны бүсэд амьдардаг малчин иргэдийн төлөөлөл зэрэг 60 орчим хүн оролцов. Хэлэлцүүлгийг хуулийн ажлын хэсгийн гишүүд болон Дарьгангын Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулсан юм.

Оролцогчид тусгай хамгаалалттай газар нутгийн бүсчлэл, дэглэм, газар ашиглалт, байгаль хамгаалал, малчин ахуй, уламжлалд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, эрх зүйн зохицуулалтын талаар санал солилцов. Тухайлбал, малчдын өвөлжөө, хаваржааны доорх газрыг урт хугацаанд тогтвортой ашиглах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, бусдад шилжүүлэхтэй холбоотой амьдрал дээр тулгамдаж буй асуудлыг хуулийн төсөлд тусгах шаардлагатайг онцолсон байна.
Мөн Дарьгангын Байгалийн цогцолборт газрын дотоод бүсчлэлийг байгалийн үнэт зүйлс, зэрлэг амьтдын амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн, орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн хэрэгцээтэй уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоох нь зүйтэй гэсэн саналыг илэрхийллээ.
Ийнхүү ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг орон нутагт үргэлжилж, хуульд иргэд, орон нутгийн байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн бодит санал, хэрэгцээг тусгах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна.

