ЗАМЫН-ҮҮД СУМ – “Тал нутгийн аялал” хөтөлбөрийн хүрээнд хил орчмын аялал жуулчлалыг идэвхжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой ажлын хэсгийн уулзалт 2026 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд боллоо.

ТӨРИЙН БОДЛОГО ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Уг ажлыг эрчимжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны төлөөллүүд Замын-Үүд сумын тээвэр, зочид буудал, зоогийн газар, худалдааны салбарын бизнес эрхлэгчидтэй нэгдсэн уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг:- “Төрийн бодлого тодорхой байхад хоёр улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй хамтран ажиллах нь чухал. Орон нутгийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Замын-Үүд сумын аялал жуулчлалын салбарынхан болон нутгийн иргэдэд түшиглэсэн хамтын ажиллагааг гол тулгуураа болгоно” гэв.


Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг хил орчмын аялал жуулчлалыг нутгийн иргэд, бизнес эрхлэгчдийг түшиглэн хөгжүүлэх бодлого баримталж байгааг тэмдэглээд, бэлтгэл ажлыг бүрэн хангаж, аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэлт болон орон нутгийн онцлох өв соёлын газруудыг сонирхолтой хэлбэрээр сурталчлах замаар жуулчдын урсгалыг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо. Ингэснээр аялал жуулчлалын салбараас орж ирэх эдийн засгийн үр өгөөжийг орон нутгийн иргэд шууд хүртэх боломж бүрдэж байгааг тэрбээр дурдсан юм.
Түүнчлэн Хятад улсын иргэд Монгол Улс руу аялахдаа ашиглах цэнхэр, цагаан үнэмлэхний зохицуулалтын талаар мэдээлэл хүргэж, хилийн бүс орчмын аялагчдад зориулсан үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд хоёр улсын аяллын компаниуд хамтран ажилласнаар , “Тал нутгийн аялал” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх юм.


Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг болон яамны холбогдох албаны төлөөлөл, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ж.Энхболд, Замын-Үүд сумын Засаг дарга Б.Сайнбаяр, Замын-Үүд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Үүрцайх, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч В.Батзориг, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Хятад зах зээлийн салбар холбооны Гүйцэтгэх захирал Т.Бадрах-Ерөөл, Дорноговь аймгийн Аялал жуулчлалын холбооны Гүйцэтгэх захирал Г.Ганбаатар болон Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Монгол Улсын Консул З.Лхагвадорж нар оролцож, мэдээлэл солилцов.


