Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй уулзалт зохион байгуулж, авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.-

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, дүрэм журамд зөвлөмж өгөх замаар авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Түүнчлэн авлигын эсрэг хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, авлигын хор нөлөөг олон нийтэд ойлгуулах сургалт, өдөрлөг, аян, арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг юм. Уулзалтын үеэр талууд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар санал нэгдэв.
Тодруулбал соён гэгээрүүлэх чиглэлээр хамтарсан үйл ажиллагаа зохион байгуулах, урьдчилан сэргийлэх болон соён гэгээрүүлэх агуулгатай бэлтгэсэн контентыг түгээх, хамтарсан контент бүтээх, хиймэл оюун ухаанд суурилсан шинжилгээ, журам боловсруулалт, баримт бичиг болон ажлын удирдлагын системийг ашиглан байгууллагын комплаенсын үйл ажиллагааг хялбаршуулах, “Комплаенс удирдлагын платформ”-ыг хөгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх арга хэмжээ болон авлигын эсрэг сургалт зохион байгуулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Уулзалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Н.Тэмүүлэн, ажилтан, комиссар У.Номин-Эрдэнэ, Г.Ариунзаяа, Л.Хангарьд нар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Дэд ерөнхийлөгч Э.Тэнгисболд, Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Сургалт эрхэлсэн Дэд захирал С.Нина нар оролцов.
