Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамнаас Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газартай албан уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар аялал жуулчлалын салбарт тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашдын ажлын уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцов.
Уулзалтад ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг, ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, Виз, зөвшөөрлийн газрын дарга Г.Билэгт, Зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Бэхбат, Зөвлөгөө мэдээллийн хэлтсийн дарга Ц.Солонго, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Монголын аялал жуулчлалын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Өлзийсайхан болон холбогдох албаны бусад төлөөлөл оролцлоо.

Уулзалтын үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын зүгээс аялал жуулчлалыг дэмжих төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж буй цахим шилжилт, виз болон оршин суух зөвшөөрлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийв. Тодруулбал, аяллын цахим виз авсан гадаадын иргэдийн тоо 2022 онд 7,798 байсан бол 2025 оны байдлаар 84,000-д хүрч өссөн байна. Мөн 2024 оноос эхлэн бүх ангиллын визийг цахим хэлбэрээр олгож эхэлсэн нь үйлчилгээг илүү хурдан, чирэгдэл багатай болгоход чухал ахиц болсон талаар онцоллоо.

Түүнчлэн 2025 онд дэлхийн бүх улсын хэл дээр мэдээлэл өгөх боломжтой, хиймэл оюун ухаанд суурилсан чатботыг зөвлөгөө, мэдээллийн үйлчилгээнд нэвтрүүлсэн нь гадаадын иргэдэд 24 цагийн турш цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шуурхай мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлжээ.
Цахим шилжилтийн үр дүнг танилцуулсан судалгаанаас үзэхэд, 2021 оноос хойш нийт 1,399,153 иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн 2021 онд ердөө 4 ангиллын визийг цахимаар олгодог байсан бол 2024 онд энэ тоо 54 ангилал болж өргөжжээ. Аяллын цахим виз мэдүүлэгчдийн тоо 2022 онд 7,798 байсан бол 2024 онд 93,789 болж, бараг 12 дахин өссөн үзүүлэлттэй байна. Монгол Улсад аяллын цахим виз хамгийн их мэдүүлсэн орнуудыг БНХАУ, Тайвань, Энэтхэг, БНСУ тэргүүлж байгаа аж.
Уулзалтын үеэр ССАЖЗЯ-ны зүгээс жуулчдад тулгардаг визний зөвшөөрөл, хугацаа сунгалт, оршин суух бүртгэлийн асуудлыг аль болох хүндрэлгүй, уян хатан байдлаар шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Албаны төлөөллүүдийн зүгээс жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхдээ зөвхөн тоон өсөлтөд бус, Монгол Улсад ирсэн цагаас нь эхлэн хүртэх үйлчилгээний чанарт онцгой анхаарах ёстойг тэмдэглэв.
Одоогийн байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 136 улсын 32,983 гадаадын иргэн байгаагийн 46.5 хувийг хөдөлмөр эрхлэгчид эзэлж байна. Цаашид eimmigration.mn, isf.mn системүүдийг улам боловсронгуй болгож, “Ухаалаг виз” системийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж буйгаа мөн танилцууллаа.
Уулзалтын үр дүнд талууд салбарын мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цахим виз олголттой холбоотой нэгдсэн мэдээлэл өгөх хамтарсан сургалтуудыг тогтмол зохион байгуулах, жуулчдад үзүүлэх үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиролцов.




