ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын газрын дарга В.Батчимэг, KOICA-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Жү Хэйн Нан, АЖМХ-ны Гүйцэтгэх захирал М.Нарангэрэл, Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төвийн сургалт хариуцсан дэд захирал С.Нина, Солонгосын Аялал жуулчлалын корпораци (Korea Tourism Organization)-ын Захирал Ким Ван Сү нарын хоёр талын албаны хүмүүс уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Вон Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний сургалтын төвийн үйл ажиллагааны явцтай танилцаж, өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлуудын талаар мэдээлэл сонсов.
Монгол Улсын Засгийн газар “Монголд зочлох жил 2023–2028” арга хэмжээний хүрээнд аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт сургалт, дадлага явуулах боломжтой, анги танхим болон техник, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан, жилд 850–2600 хүнийг хамруулах хүчин чадалтай “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийн нээлт 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр болсон юм.
Төслийн хүрээнд KOICA олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Солонгосын залуучуудаас бүрдсэн сайн дурын баг Монголын аялал жуулчлалын боловсролын салбарт 4 жилийн хугацаанд, 6 ээлжээр ажиллахаар төлөвлөж байна. Эхний ээлжийн баг 2025 оны 12 дугаар сараас 2026 оны 3 дугаар сар хүртэл ажиллах хугацаандаа жуулчны хөтөч-тайлбарлагчийн сургагч багш мэргэшүүлэх сургалтаар 30 хүртэлх багшийг бэлтгээд байна.
Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсад зохион байгуулагдах COP17 арга хэмжээнд бэлтгэх хүрээнд аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилготой анхны мэргэшүүлэх сургалт гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөрөөр дамжуулан жуулчны хөтөч-тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургагч багш бэлтгэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Мөн тун удахгүй хоёрдугаар ээлжийн баг Монгол Улсад ирж, ажлаа үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Цаашид зочлох үйлчилгээний 10 чиглэлээр салбарын хүний нөөцийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах юм.
Элчин сайд Чой Жин Вон уулзалтын үеэр, Монгол Улсад ирэх жуулчдын тоо жил бүр нэмэгдэж байгааг онцлоод, үүнтэй уялдуулан нислэгийн тоог нэмэгдүүлэх, тогтвортой байлгах асуудалд анхаарах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд анхны сургалтыг амжилттай хэрэгжүүлсэн KOICA болон Монголын талын хамтын ажиллагаанд талархал илэрхийлэв.
Түүнчлэн БНСУ-ын Элчин сайдын яамны зүгээс сургалтын төвийн үйл ажиллагааг тогтвортой байлгах, цаашдын үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажиллах байр сууриа илэрхийллээ.