АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖҮҮЛЭЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БИЗНЕСИЙН ОРЧНЫ АСУУДЛААР САЛБАРЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСЛОО


Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хороо 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 66.7 хувийн ирцтэй хуралдаж, аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зүгээс аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, салбарт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонслоо.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны дарга Н.Батсүмбэрэл дэгийн дагуу ирц болон хэлэлцэх асуудлыг танилцуулав.

Хуралдааны үеэр Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тур оператор, аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч-тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчдийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус зорилготойгоор байгуулагдсан Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн үйл ажиллагааны талаар танилцуулга хийв.

Тус холбоо нь өнөөдрийн байдлаар 891 гишүүнтэй бөгөөд зургаан аймаг, нийслэл дэх 3100 аж ахуйн нэгжийг хамарсан өргөн хүрээтэй гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн дэргэдээ Ажлын албатай бөгөөд үйл ажиллагааны чиглэл, байршлын бүс, зорилтот зах зээлээр төрөлжүүлсэн 13 салбар холбоог байгуулан ажиллаж буйг танилцууллаа.

Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны гүйцэтгэх захирал М.Нарангэрэл салбарын хөгжилд тулгамдаж буй гол асуудлын нэг нь Монгол Улсын талаар жуулчдын дунд тогтсон буруу, ташаа ойлголт, төсөөлөл байгааг онцолсон юм.

Тэрбээр Монгол Улсад аялсан 12 мянган жуулчны сэтгэл ханамжийн судалгааны үр дүнгээс танилцуулж, өвлийн улирал хэт хүйтэн, дэд бүтэц сул хөгжсөн, замын нөхцөл хүндрэлтэй, дотоодын нислэгийн хүртээмж хангалтгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, чанарт итгэл бага, бие даан аялах боломж хязгаарлагдмал, тухайн улсаас шууд нислэггүй зэрэг саад бэрхшээл түгээмэл дурдагдсаныг мэдээлэв. Мөн аялал жуулчлалын салбарын голлох зах зээлийн 13 орныг эрэмбэлэн тодорхойлсон талаар танилцууллаа.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр Улсын Их Хурлын Аялал жуулчлалын хөгжлийн дэд хорооны өмнөх хуралдаанаар аялал жуулчлалын салбарын зээлийг үргэлжлүүлэх, ирэх жилүүдэд зээлийн татаасыг нэмэгдүүлэх асуудлаар Улсын Их Хурлын гишүүдээс дэмжлэг хүссэний дагуу холбогдох яамдад албан бичиг хүргүүлж, үр дүн нь эхнээсээ гарч эхэлж байгаад талархал илэрхийлэв.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад анх 180 тэрбум төгрөгийн зээл олгохоор тусгасан боловч гурвалсан гэрээ байгуулах үйл явц удааширсны улмаас санхүүжилтийн хэмжээ 250 тэрбум төгрөг болж нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар арилжааны банкуудад 1053 аж ахуйн нэгжээс нийт 2.3 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн нь төлөвлөсөн хэмжээнээс 9.2 дахин их байгааг дурдлаа. Иймд хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх санал гаргасан талаар мэдээлэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд мэргэжлийн холбоод талцахгүйгээр хамтран ажиллавал илүү бодит үр дүнд хүрнэ гэдгийг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг аялал жуулчлалын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох шалгуур, явц, ялгаваргүй хүртээмжийн талаар тодрууллаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Тулга мэргэжлийн холбоодоос дэд хороонд хандаж буй санал, хүсэлтийг тодорхой асууж, байр суурийг нь сонсов.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөлөл Монгол Улсын хэмжээнд 300 гаруй мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад, яамны зүгээс аялал жуулчлалын бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудтай хяналтын гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хяналтаа хэрэгжүүлж ажиллана гэдгийг мэдэгдэв.

Мөн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд болон бизнес эрхлэгч, компаниудын төлөөлөл Улсын Их Хурлын дэд хороонд хандаж, эх орноо сурталчилсан контент бодлогын түвшинд дэмжих, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг багасгах, олон давхардсан шалгалтыг цөөрүүлэх чиглэлд анхаарах хүсэлтээ илэрхийллээ.

Мэдээллийг сонссоны дараа хуралдаан даргалагч Н.Батсүмбэрэл салбарт тулгамдаж буй асуудал, шийдвэрлүүлэх шаардлагатай санал, хүсэлтээ бичгээр ирүүлбэл холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжилж, шуурхай арга хэмжээ авч ажил хэрэг болгоход дөхөмтэй болохыг онцлон уриаллаа.

Хуралдаан 2 цаг 14 минут үргэлжилсэн талаар Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.