АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБОО НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН АЖЛЫН ТАЙЛАН


Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гадаад сурталчилгаа, маркетингийг эрчимжүүлэх чиглэл нь төрөөс баталсан бодлого, хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжиж байна. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болох “Алсын хараа-2050”-ын 2021–2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны 4.2.44-д аялал жуулчлалын гадаад сурталчилгаа, маркетингийн үйл ажиллагааг эрчимжүүлж, олон улсын аялал жуулчлалын сүлжээнд нэгдэх зорилтыг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоолоор 2023–2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлыг эрчимжүүлэх бодлогын орчныг бүрдүүлсэн. Засгийн газрын 433 дугаар тогтоолоор “Go Mongolia” түлхүүр үг, “Always. Moving” уриаг Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд нэгдсэн байдлаар хэрэглэхээр баталж, төрийн бүх шатны байгууллагад хэрэгжүүлэх үүргийг өгсөн.

Түүнчлэн Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн 4.5.2-т Монгол Улсыг гадаад зах зээлд сурталчлах ажлыг нэгдсэн төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг, Төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын 4.3.2, 4.3.6-д зорилтот зах зээлийн онцлогт тохирсон маркетингийг өргөжүүлэх, олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлэхийг тус тус заасан.

Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны хооронд байгуулсан “Төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлэх тухай гэрээ”-ний 2.1.1-д Монгол Улсын байгаль, түүх, соёлын онцлогийг гадаадад сурталчлах чиг үүргийг хэрэгжүүлэхээр тусгасан.

Ийнхүү дээрх бодлого, шийдвэрүүдийн хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалын нэгдсэн брэндийг олон улсын зах зээлд таниулах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлууд системтэйгээр хэрэгжиж байна.

Дэлгэрэнгүй тайланг ЭНД-ээс үзнэ үү.