СПОРТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХҮРЭЭНД МОНГОЛ–ОРОСЫН ХОККЕЙН НӨХӨРСӨГ ТОГЛОЛТ ЭХЭЛЛЭЭ


Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, спортын аяллыг шинэ бүтээгдэхүүн болгон таниулах зорилгын хүрээнд Монгол–Оросын хоккейн багуудын “Нөхөрсөг тоглолт” албан ёсоор эхэллээ.

Өнгөрсөн жил ОХУ-ын Байгал нуурын мөсөн дээр эхэлсэн энэхүү уламжлал нь спортын нөхөрлөл хил хязгаар, цаг хугацаа, орон зайг үл харгалзан оршдогийг батлан харуулсан билээ. Байгал нуур, Хөвсгөл нуурыг “эгч дүүс нуур” хэмээн нэрлэдэгтэй адил энэ удаагийн тэмцээнийг цаашид Хөвсгөл далайн мөсөн дээр зохион байгуулах зорилт дэвшүүлээд байна. Хэдийгээр энэ жилийн хувьд дэд бүтцийн бэлтгэл хараахан бүрдээгүй тул нийслэл хотноо зохион байгуулж байгаа ч ирэх жилүүдэд Хөвсгөл нуурыг олон улсын өвлийн спорт, аялал жуулчлалын шинэ төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой юм.3

Хоккейн спорт өндөр хөгжсөн ОХУ-ын баг тамирчидтай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй нь Монгол Улсын хувьд:

- Өвлийн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох

- Спорт аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх

- Олон улсын жуулчдыг татах шинэ сэдэл үүсгэх

- Монголын өвлийн аяллын брэндийг тодорхойлох чухал ач холбогдолтой болж байна.

Ийнхүү өвлийн спортын төрлөөр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, хоккейн спортыг олон нийтэд сурталчлах, хөгжөөн дэмжигчдэд дэлхийн хэмжээний тамирчдын ур чадварыг ойроос үзэх боломжийг бүрдүүлж буй нь Монгол Улсын аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж байна.