УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БҮС ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААНААР БАТАЛЛАА


Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн зургаан бүсийн 12 аймгийн 17 байршилд Улсын аялал жуулчлалын бүсийг анх удаа хэлэлцэж баталлаа. Улсын аялал жуулчлалын бүсийн зарчим, үнэт зүйл нь байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтвортой хөгжлийн бодлого, ногоон эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Улсын аялал жуулчлалын бүс нь газарзүйн мэдээллийн систем, орчин үеийн онол арга зүйд тулгуурлан байгаль, газарзүй, түүх, археологийн өв болон соёлын нөөц, үйлчилгээний дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн төвүүд, тээвэр логистик, олон улсын бүс нутгийн интеграци зэрэг олон хүчин зүйлсийн үнэлгээнд орон зайн дүн шинжилгээ хийж жуулчин хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Улсын аялал жуулчлалын бүсийн ерөнхий төлөвлөлт болон менежментийн төлөвлөгөөг үе шаттай баталж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөнгөлөлттэй зээлийг бодлогоор дэмжиж бүс нутгийн онцлогт тохирсон олон улсад өрсөлдөхүйц аялал жуулчлалын цогцолбор, дөрвөн улирлын аяллын төрөл, хэлбэрийг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.