"НЭГ САЛБАР ХАМТЫН АЖИЛЛАГАА" БҮХ ГИШҮҮДИЙН НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны бүх гишүүдийн нэгдсэн хуралдаан нь Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйл болон тус холбооны Дүрмийн дагуу хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг. Уг хуралдаанаар нийт гишүүдийн төлөөлөл хуралдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгох, өмнөх бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэх, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлдог чухал үйл явц юм.

Аялал жуулчлалын тухай хуулийн дагуу Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд, салбарын мэргэжлийн байгууллагуудын нэгдэл бөгөөд төрөөс аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх эрхтэй байдаг. Энэ нь холбооны бүтэц, удирдлагын сонгуулийг ил тод, хариуцлагатай, хуульд заасан шаардлагын дагуу зохион байгуулах үндэслэл болдог.

2023–2025 оны бүрэн эрхийн хугацаанд ажилласан Удирдах зөвлөлийн гишүүд тайлангаа нэгдсэн хуралд танилцуулж, салбарын хөгжлийг дэмжих хүрээнд хийсэн бодит ажлууд болон цаашдын санал, бодлого, стратегийг хэлэлцүүлнэ.

Энэ удаагийн хуралдаанаар 2026–2028 онд ажиллах Удирдах зөвлөлийг шинээр бүрдүүлэх бөгөөд салбар бүрээс нэр дэвшиж буй төлөөллийг нийт гишүүдэд танилцуулж байна. Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн нь салбарын бодлогыг тодорхойлж, төр–хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын институцийн хөгжлийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэнэ. Салбар холбоод гишүүдийн саналын эрхийг хангаж ажиллахыг уриалж байна.

Хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Аялал жуулчлалын сургалтын төв"-ийн байранд болно.