“Нисэх буудлын зөвлөлдөх хороо”-ны ээлжит хуралдаан 2025 оны 11 дүгээр сард болж, Монгол Улсын агаарын тээвэр, зорчигч урсгал, аялал жуулчлалын зах зээлийн хөгжлийн чиг хандлагын талаар талууд санал солилцлоо.
Хуралд “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2025 оны 3 дугаар улирлын нислэг, зорчигч урсгалын статистик тайланг танилцуулж, 2024 оныхтой харьцуулахад нийт зорчигчийн урсгал 11.2%-иар өссөн, агаарын хөдөлгөөн 10.1%-иар нэмэгдсэн талаар мэдээллээ. Тус тайлангаар 2025 оны эхний есөн сард нийт 1.91 сая зорчигч, үүнээс 1.58 сая нь олон улсын, 333 мянга нь дотоодын зорчигч байжээ.
ХУРЛЫН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ
Сөүл,
Бээжин,
Токио,
Истанбул, Хонконг чиглэлд зорчигчийн урсгал тэргүүлж, Сөүл–Инчеон чиглэлд 519 мянга, Бээжин–Капиталд 211 мянга, Токио–Наритад 128 мянга зорчигч зорчсон байна.
Олон улсын нислэгийн тоо өмнөх оноос 15.5% өсөж, 11,559-д хүрсэн бол дотоодын нислэг бага зэрэг буурсан (–4.7%) үзүүлэлттэй байна.
Олон улсын нийт 37 орны 116 чиглэлд 18 агаарын тээврийн компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 3 нь шинэ тээвэрлэгч (United Airlines, China United Airlines, VietJet Airlines) юм.
2025 онд Шанхай (Пудун), Кызыл, Хо Ши Мин, Нячанг, Фукуок гэсэн 5 шинэ нислэгийн чиглэл нээгдсэн байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООНООС ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ
Хуралдааны үеэр “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” (АЖМХ) 2023–2025 оны жуулчдын урсгалын статистик болон нислэгийн давтамж нэмэгдүүлэх, шинэ зах зээл нээх чиглэлийн талаар мэдээлэл танилцууллаа. 2025 оны 10 дугаар сарын байдлаар Монгол Улсад ирсэн нийт жуулчдын тоо 740 мянга давсан байна.
Мөн аялал жуулчлалын гол зах зээл болох Өмнөд Солонгос, Хятад, Япон, Турк, Герман, Вьетнамын чиглэлд ирэх улиралд нислэгийн давтамж нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн юм.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын зөвлөх хурлын үеэр оролцож, салбарын 2026 он хүртэлх бодлого, зорилтын талаар танилцууллаа.
ХУРЛЫН ҮР ДҮН:
Сар тутмын мэдээлэл түгээх систем:
• 2026 оны 1 дүгээр сараас эхлэн зорчигч тээврийн урсгал, нисэх буудлын үйлчилгээ, агаарын тээврийн мэдээ багтсан сар бүрийн newsletter-ийг МТО болон АЖМХ-ны гишүүдэд тогтмол хүргэхээр боллоо.
Агаарын тээвэрлэгчдийн уулзалтыг тогтмолжуулах:
•2025.11.17 — Япон зах зээлийн салбар холбоо
•2025.12 сар - Хятад зах зээлийн салбар холбоо
•2025.12 сар — Европ зах зээлийн салбар холбоо
•2026.01 сар — Америк зах зээлийн салбар холбоо
уулзалтуудыг зохион байгуулах хуваарь батлав.
2026 оны зуны нислэгийн урьдчилсан төлөвлөгөө:
• Нийт 8 агаарын тээврийн компани хуваариа ирүүлсэн бөгөөд IATA цагийн хуваарийн зөвлөл 2025.11.06-нд баталгаажуулж, 2026.01 сар гэхэд олон нийтэд зарлана.
Шинэ чиглэлүүд ба нислэгийн төлөвлөгөө:
•United Airlines: 2026.05.01–10.12 хооронд нислэг үргэлжлүүлнэ.
МИАТ ТӨХК: Даланзадгад чиглэлд өдөр бүрийн нислэг төлөвлөж, 2026.01 сараас өмнө онгоцны үйлчилгээний бэлтгэлийг хангаж байна.
Сингапурын чиглэл 2026 оны зуны улиралд үйлдэх эсэх талаарх шийдвэр 2026 оны 1 сард гарахаар байна.
Энэхүү зөвлөлдөх хорооны хурал нь Монгол Улсын нисэх буудлын үйлчилгээ, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарын уялдаа холбоог гүнзгийрүүлж, бодит тоон мэдээлэлд тулгуурласан хөгжлийн шинэ үеийг тодорхойлох чухал уулзалт болов.