333 ТОГООЧ, 1,000 ХОРХОГ ХИЙСНЭЭР “МОНГОЛ ЗООГ” ДЭЛХИЙН ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО


Монголын уламжлалт хорхогийг дэлхийд таниулсан түүхэн үйл явдал болж, Монголын тогооч нар Guinness World Records-ийн шинэ амжилтын эзэд боллоо. Монголын Мастер тогоочдын холбооноос санаачлан зохион байгуулсан “Монгол зоог”-ийг Guinness World Records-д бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, зохион байгуулагчид дээд амжилтын батламжаа гардан авлаа.

Зохион байгуулагчдын мэдээлснээр уг ажлыг Монголын тогооч нарын өөрсдийн санаачилга, оролцоо, зардлаар хэрэгжүүлсэн нь энэхүү амжилтын бас нэг онцлог байв.

Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, уламжлалт хоол хийх арга ухаан, хүндэтгэлийн зоогийн соёлыг шингээсэн үндэсний хоол юм. Тиймээс 1,000 хорхогийг нэгэн зэрэг хийж, Guinness World Records-д бүртгүүлсэн энэхүү амжилт нь Монголын гастрономийн өвийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон таниулахад чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.