ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨЖИЙГ ТООЦЖЭЭ


Тусгай хамгаалалттай газар нутаг нь байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд өндөр эдийн засгийн өгөөжтэйг судалгаагаар онцолжээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд улсын тусгай хамгаалалттай газар нутгаас байгальд түшиглэсэн аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан, ой, ундны ус болон уул уурхай зэрэг салбарт үзүүлэх эдийн засгийн үнэ цэнийг тооцсон судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгааны “Nature-based Tourism” тооцооллоор тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээг хамгаалж, тогтвортой менежмент хэрэгжүүлсэн нөхцөлд 2050 он гэхэд байгальд түшиглэсэн аялал жуулчлалаас 2.56 их наяд төгрөгийн эдийн засгийн үр өгөөж бий болж, 36 мянга орчим шинэ ажлын байр бий болгох боломжтой гэж тооцжээ.

Энэ нь тусгай хамгаалалттай газар нутгийг зөвхөн байгаль хамгааллын ач холбогдлоор бус, орон нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, ажлын байр, иргэдийн амьжиргааг дэмжих чухал хөрөнгө болохыг харуулж байна. Түүнчлэн судалгаагаар тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглах нь аялал жуулчлалын урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломжтойг онцолжээ.

Судалгааны үр дүнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийн байгальд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох бодлогын боломжийг тодорхойлох ач холбогдолтой юм.

Тус арга хэмжээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон судалгааны багийн төлөөлөл оролцож, судалгааны үр дүн, бодлогын зөвлөмж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.