ОЛОН УЛСЫН ХЭВЛЭЛҮҮДИЙН АНХААРАЛД ӨРТСӨН COP17 МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ШИНЭ БОЛОМЖ НЭЭЖ БАЙНА


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу UNCCD COP17 Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан The Guardian, Le Monde, Reuters, Euronews, El País, Xinhua зэрэг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол орны байгаль, цөлжилт, газрын доройтол, бэлчээрийн менежмент, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэгийг онцлон мэдээлж байна.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээлэлд Монгол Улсыг цөлжилт, газрын доройтлын үр дагаврыг бодитоор мэдэрч буй орон төдийгүй байгальтай зохицон амьдрах нүүдлийн соёл, бэлчээр сэлгэн ашиглах уламжлалт арга, орон нутгийн иргэдийн мэдлэг, туршлагаараа дэлхий нийтэд шийдэл санал болгох боломжтой улс хэмээн тодорхойлжээ.

Энэ нь Монгол Улсын байгаль орчин, нүүдлийн өв соёлыг олон улсын түвшинд таниулахаас гадна аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээж байна.

Монголын аялал жуулчлалын гол үнэт зүйлс дэлхийн анхаарлын төвд

Монголын аялал жуулчлалын үндсэн бүтээгдэхүүн болох говь, тал хээр, уул, ой, нуур, тусгай хамгаалалттай газар нутаг, нүүдлийн соёл, малчин өрхийн амьдралын хэв маяг нь газар, ус, бэлчээрийн тогтвортой байдлаас шууд хамаардаг.

Газрын доройтол, усны хомсдол, ургамлын бүрхэвчийн бууралт, элсний нүүдэл болон уур амьсгалын өөрчлөлт нь аяллын маршрут, байгалийн үзмэр, жуулчны бааз, малчин өрхөд түшиглэсэн аяллын бүтээгдэхүүнд урт хугацааны эрсдэл учруулж байна. Иймээс газар, бэлчээрийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль орчны салбарын бус, Монголын аялал жуулчлалын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн үндсэн асуудал юм.

Нөгөө талаас, COP17-ын хүрээнд Монгол орны байгаль, уламжлалт ахуй, нүүдлийн мал аж ахуйн онцлог олон улсын хэвлэлээр өргөн хүрээнд түгсэн нь Монгол Улсын аялал жуулчлалын танигдах байдлыг нэмэгдүүлж байна.

The Guardian болон El País газрын доройтол, ган, хүнс, усны аюулгүй байдлыг онцолсон бол Le Monde Монголын нүүдлийн мал аж ахуй, бэлчээр сэлгэн ашиглах уламжлалыг шийдлийн нэг хэсэг гэж үзжээ. Reuters Монголын малчдын хамтын оролцоонд тулгуурласан бэлчээрийн менежментийн туршлагыг мэдээлж, Euronews Монголын байгаль, Улаанбаатар хот, уртын дуу, хөөмий, ёслол хүндэтгэл, ахуй соёлыг дүрст мэдээгээрээ олон улсын үзэгчдэд хүргэсэн байна.

Эдгээр мэдээлэл нь аялал жуулчлалын шууд сурталчилгаа биш боловч Монгол орны байгаль, соёл, нүүдлийн амьдралын хэв маягийг дэлхийн сая сая уншигч, үзэгчидтэй холбосон олон улсын сурталчилгааны чухал ач холбогдолтой юм.

НҮҮДЛИЙН СОЁЛ ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОНЦГОЙ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛНО

Олон улсын хэвлэлүүд малчдыг бэлчээрийн доройтлын шалтгаан гэж дангаар нь үзэх бус, уламжлалт мэдлэгийг тээгч, байгалийн нөөцийн хамгаалагч, газрын нөхөн сэргээлтийн гол оролцогч гэж хүлээн зөвшөөрөх шаардлагатайг онцолж байна.

Зөв зохистой нүүдэл, бэлчээрийн сэлгэн ашиглалт нь хөрсний үржил шимийг хадгалах, биологийн олон янз байдлыг хамгаалах, түймрийн эрсдэлийг бууруулах, хуурай бүсийн экосистемийн тогтвортой байдлыг дэмжих боломжтой юм.

Энэ агуулгыг аялал жуулчлалын бүтээгдэхүүнтэй уялдуулснаар жуулчдад зөвхөн малчин өрхийн ахуй амьдралыг үзүүлэх бус, байгальтай зохицон амьдрах монгол ухаан, бэлчээр сэлгэн ашиглах уламжлал, ус болон байгалийн нөөцийг хамгаалах арга, нүүдлийн соёлын үнэ цэнийг танин мэдүүлэх боломжтой.

Цаашид:

  1. Малчин өрхөд түшиглэсэн хариуцлагатай аялал;
  2. Нүүдлийн соёл, уламжлалт мэдлэгийн танин мэдэхүйн хөтөлбөр;
  3. Бэлчээр, газрын нөхөн сэргээлтийн сайн туршлагатай танилцах аялал;
  4. Цөлжилттэй тэмцэх чиглэлийн судалгаа, сургалтын аялал;
  5. Тусгай хамгаалалттай газар нутагт түшиглэсэн эко аялал;
  6. Мод тарих, булаг шанд хамгаалах сайн дурын аялал;
  7. Залуучууд, судлаачдын оролцоотой байгаль хамгааллын хөтөлбөрийг хөгжүүлэх боломжтой.

Эдгээр нь Монгол Улсыг зөвхөн байгалийн үзэсгэлэнт газраар аялах чиглэл бус, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтэд хувь нэмэр оруулж болох хариуцлагатай аяллын бүс нутаг болгон ялгаруулах ач холбогдолтой.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН САНХҮҮЖИЛТИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛОХ БОЛОМЖТОЙ

COP17-ын хүрээнд газрын нөхөн сэргээлтэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлэх асуудал олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд байна.

Аялал жуулчлалын салбар газар, ус, байгаль, соёлын нөөцөөс шууд хамаардаг учраас байгаль хамгааллын идэвхтэй оролцогч байх шаардлагатай. Аялал жуулчлалын орлогын тодорхой хэсгийг тухайн бүс нутгийн бэлчээр, хөрс, аяллын замыг нөхөн сэргээх, булаг шанд, усны эх үүсвэрийг хамгаалах, хог хаягдлыг бууруулах, нутгийн иргэдийн байгаль хамгаалах үйл ажиллагааг дэмжихэд зарцуулах боломжтой.

Жуулчны бааз, тур оператор болон хөтөч нарт ус хэмнэх, нэг удаагийн хуванцар хэрэглээг бууруулах, хог хаягдлыг ангилан ялгах, аяллын бүсийн даацыг баримтлах, эмзэг хөрс, ургамлыг хамгаалах нэгдсэн шаардлага, шалгуурыг хэрэгжүүлснээр аялал жуулчлалын байгальд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулна.

Ингэснээр аялал жуулчлал нь байгалийн нөөцийг ашигладаг салбараас хамгаалал, нөхөн сэргээлтийг санхүүжүүлдэг хариуцлагатай салбар болон хөгжих боломжтой.

COP17-ЫН ҮР ДҮНГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

COP17-ын үеэр Монгол Улсад олон улсын байгууллага, бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшлийн төлөөлөл хүрэлцэн ирсэн нь Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, байгаль хамгааллын төслийг танилцуулах боломж бүрдүүллээ.

Энэхүү боломжийг хурлын дараа үргэлжлүүлж, COP17-д оролцсон байгууллага, судлаач, хөрөнгө оруулагчидтай эко болон тусгай сонирхлын аялал жуулчлалын төсөл хэрэгжүүлэх, аяллын бүсүүдийн газрын доройтол, усны нөөц, даацын үнэлгээ хийх, нутгийн иргэдэд түшиглэсэн аяллын бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах шаардлагатай байна.

Мөн COP17-ын талаар олон улсын хэвлэлд нийтлэгдсэн Монголын байгаль, нүүдлийн соёл, уламжлалт мэдлэг, нөхөн сэргээлтийн туршлагыг “Go Mongolia” брэндийн цаашдын сурталчилгаатай уялдуулан ашиглах боломжтой.

МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ АЯЛЛЫН ШИНЭ ДҮР ТӨРХ

Олон улсын хэвлэлүүдийн мэдээллийг нэгтгэн үзвэл, COP17 нь Монгол Улсыг цөлжилт, газрын доройтлын үр дагаврыг бодитоор мэдэрч буй орон хэмээн харуулсны зэрэгцээ нүүдлийн соёл, уламжлалт мэдлэг, бэлчээрийн менежментээрээ шийдэл санал болгож чадах улс гэдгийг дэлхий нийтэд таниулж байна.

Энэхүү олон улсын анхаарлыг аялал жуулчлалын салбарт зөв ашигласнаар Монгол Улс “онгон байгаль, нүүдлийн соёлын орон” гэсэн танигдсан дүр төрхөө байгаль хамгаалал, газрын нөхөн сэргээлт, нутгийн иргэдийн оролцоо, хариуцлагатай хэрэглээг эрхэмлэсэн тогтвортой аяллын чиглэл болгон өргөжүүлэх боломжтой.

COP17-ын аялал жуулчлалын ач холбогдлыг зөвхөн хурлын үеэр ирсэн зочин, төлөөлөгчдийн тоо, үйлчилгээний орлогоор хэмжихгүй. Харин хурлын үр дүнд бий болсон олон улсын анхаарал, хамтын ажиллагаа, мэдлэг, хөрөнгө оруулалтыг Монгол орны байгалийн болон соёлын өвийг хамгаалсан, нутгийн иргэдэд бодит үр өгөөжтэй аялал жуулчлал болгон хөгжүүлж чадсан эсэх нь урт хугацааны үр дүнг тодорхойлох юм.

Эх сурвалж:

  1. UNCCD – COP17 Mongolia
  2. The Guardian – Spotlight on UN desertification summit
  3. Reuters – Why fixing food systems must be at the heart of all three COPs
  4. Le Monde – Why pastoralism matters at COP17
  5. Euronews – COP17 in Mongolia: Finding solutions to land degradation
  6. El País – La crisis que pisamos