НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан зочлох үйлчилгээний салбарын мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр амжилттай өндөрлөж, оролцогчдод батламж гардууллаа.
Сургалтад Улаанбаатар хотын 1–3 одтой зочид буудал, орон нутгийн жуулчны бааз, зочид буудал, ресторан, зам дагуух үйлчилгээний байгууллагуудад ажиллаж буй 200 мэргэжлийн тогооч, мөн 100 бариста, бартендер болон уух зүйлийн үйлчилгээний ажилтан хамрагдсан юм.

Онол, практик хосолсон сургалтыг салбарын туршлагатай багш, мастер тогооч, экспертүүд удирдан явуулж, хоол үйлдвэрлэл, кофе, уух зүйлийн үйлчилгээ, рестораны менежментийн чиглэлээр олон улсын жишиг, стандарт, практик ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэн зохион байгууллаа. Мөн бэлтгэсэн хоол, ундааны амталгаа хийж, үйлчилгээний чанар, технологийг бодитоор мэдрэх боломжийг оролцогчдод бүрдүүлсэн юм.

Хаалтын үйл ажиллагаанд ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Батчимэг, COP17 хурлын Үндэсний хорооны Ажлын албаны Тээвэр, ложистик, зочид буудал, аялал жуулчлал хариуцсан ахлах шинжээч В.Ариунгэрэл, АЖМХ-ны Сургалтын төв хариуцсан Дэд захирал С.Нина нар оролцож, сургалтад хамрагдсан нийт оролцогчдод баяр хүргэн, амжилт хүслээ.
Мөн сургалтыг удирдан явуулсан Г.Нацагдорж, MONIN брэндийн Brand Ambassador (брэнд элч), Монголын Мастер Тогоочдын Холбооны Гүйцэтгэх захирал Б.Өнөрзул болон холбогдох албаны төлөөлөл хаалтын үйл ажиллагаанд оролцлоо.




