Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн хурлаар шатахууны түгээлт, хяналт шалгалт болон аялал жуулчлалын салбарын тээврийн хэрэгслийн шатахууны хүртээмжтэй холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлаар орон нутгийн удирдлагууд болон шатахуун түгээх станцуудад аялал жуулчлалын компаниудын автомашиныг шатахууны хязгаарлалтад оруулахгүйгээр, шаардлагатай шатахуунаар хангах боломжийг бүрдүүлэх үүрэг, чиглэл өгсөн байна.
Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын идэвхтэй улирал үргэлжилж буй энэ үед жуулчин тээврийн үйл ажиллагааг хэвийн явуулах, аяллын хөтөлбөр саатах, цуцлагдах эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Мөн 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 95 чиглэлд 190 цагдаагийн алба хаагч, 43 олон нийтийн цагдаа нийт 56 байршилд ажиллаж, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон түгээлтэд хяналт тавьж байна.
Шатахуун түгээх станцууд авто бензинийг боломжит бүх түгээх хошуугаар олгох үүргийн хэрэгжилтийг эрчимжүүлжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд 59 ШТС хоёр хошуугаар, 12 ШТС дөрвөн хошуугаар, дөрвөн ШТС зургаан хошуугаар, нэг ШТС найман хошуугаар шатахуун түгээж байгаа бол 15 ШТС нэг хошуугаар үйлчилгээ үзүүлж байна.


Түүнчлэн Монополын эсрэг газар болон Тагнуулын ерөнхий газар холбогдох мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналтаа сайжруулж, шатахууны дамын наймаа үүсэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход онцгой анхаарах чиглэл өгчээ.
Шуурхай штабаас шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох, түгээлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, хяналтыг үргэлжлүүлэн эрчимжүүлж байна.
