НҮБ-ЫН ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛ (COP17)-ЫН БЭЛТГЭЛИЙН ХҮРЭЭНД ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын хүрээнд Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо (АЖМХ) зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний чанар, хүний нөөцийн чадавхыг сайжруулах зорилгоор ахисан түвшний сургалт, мэдээллийн ажлыг зочид буудлуудад үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын КОЙКА (KOICA) байгууллагын дэмжлэгтэйгээр “Аялал жуулчлалын салбарын үйлчилгээний стандарт, үйл ажиллагаа ба аюулгүй байдлыг хангах гарын авлага”-ыг боловсруулан хэвлэж, нийслэлийн нэр бүхий 40 зочид буудалд үнэ төлбөргүй тараан, сургалттай хамтатган ашиглалтад оруулж байна. Гарын авлагад зочлох үйлчилгээний салбарын олон улсад мөрдөгдөж буй ISO 22483:2020 “Tourism and related services Hotels Service requirements” стандартын шаардлага, үйлчилгээний чанарын удирдлага, зочны аюулгүй байдал, эрүүл ахуй, эрсдэлийн менежмент, тогтвортой үйл ажиллагаа, үйлчилгээний ёс зүй, ажилтны ур чадвар зэрэг үндсэн чиглэлүүдийг тусгасан бөгөөд Монголын зочид буудлуудын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэжээ.

Сургалтын багийг АЖМХ-ны Сургалтын төвийн Дэд захирал С.Нинагийн ахлан аижллаж байгаа ба Зочлох үйлчилгээний салбарын сургагч багш Д.Дэгидбадам удирдан явуулж байна. Сургалтаар оролцогчдод олон улсын стандартын хэрэгжилт, зочинд төвлөрсөн үйлчилгээний зарчим, COP17 хурлын үеэр олон улсын төлөөлөгчдийг өндөр түвшинд хүлээн авах бэлтгэлийг хангах чиглэлээр онол, практикийг хослуулсан мэдлэг, зөвлөмжийг хүргэж байна.