ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/


Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 26 ӨДӨР

УЛААНБААТАР

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн унаган төрх, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хадгалан хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, нутгийн иргэдийн оролцоог хангах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль тогтоомж

2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль , Газрын тухай хууль , Ойн тухай хууль , Усны тухай хууль , Амьтны тухай хууль , Байгалийн ургамлын тухай хууль , Соёлын өвийг хамгаалах тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1. Энэ хууль нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд үйлчилнэ.

3.2. Тусгай хамгаалалтад авсан дурсгалт газар нутгийг хамгаалахтай холбогдсон харилцааг энэ хуулиар, тухайн газарт байрлах түүх, соёлын дурсгалтай холбогдсон харилцааг Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

3.3. Энэ хуульд зааснаас бусад газар, ой, ус, амьтан, ургамалтай холбогдсон харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1. Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1. “байгалийн цогцолборт газар нутаг” гэж байгалийн өвөрмөц тогтоц, экосистемийг хамгаалах, шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхүй, соёл болон байгалийн аялал жуулчлалыг дэмжих зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;

4.1.2. “байгалийн нөөц газар нутаг” гэж байгалийн тодорхой хэв шинж, нөөц, баялгийг хамгаалах, хадгалах, нөхөн сэргээх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;

4.1.3. “дархан цаазат газар нутаг” гэж байгалийн унаган төрх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын хатуу дэглэм тогтоосон газар нутгийг;

4.1.4. “дурсгалт газар нутаг” гэж байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын ул мөрийг уламжлагдан хадгалагдсан байгалийн байдлаар нь өвлөн үлдээх, хамгаалах зорилгоор тусгай хамгаалалтад авсан газар нутгийг;

4.1.5. “менежментийн төлөвлөгөө” гэж тусгай хамгаалалтад авсан газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөсөн дунд хугацааны баримт бичгийг;

4.1.6. “орчны бүс” гэж тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах, ашиглалтын явцад үзүүлж байгаа буюу үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг багасгах, арилгах, урьдчилан сэргийлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тогтоосон бүсийг;

4.1.7. “хамгаалалтын захиргаа” гэж тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагыг;

4.1.8. “экологийн даац” гэж экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр байгалийн нөөцийг ашиглах боломжит дээд хэмжээг;

4.1.9. “экологийн холбоос нутаг” гэж амьтан, ургамлын нүүдэллэх, шилжилт хөдөлгөөн хийх, генетик солилцоо явагдах боломжийг хангах зорилго бүхий байгалийн болон нөхөн сэргээгдсэн орон зайг;

4.1.10. “экосистемд суурилсан нөхөн сэргээлт” гэж доройтсон экосистемийн бүтэц, үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг байгалийн жамаар сэргээх арга хэмжээг.

5 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд баримтлах зарчим

5.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн харилцаанд дараах зарчмыг баримтална:

5.1.1.биологийн олон янз байдлыг хамгаалах; 5.1.2.экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах; 5.1.3.шинжлэх ухаанд суурилсан менежмент хэрэгжүүлэх; 5.1.4.нутгийн иргэдийн оролцоог хангах; 5.1.5.экологийн даацад нийцүүлэн байгалийн нөөцийг ашиглах; 5.1.6.ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэх; 5.1.7.уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийн тэсвэрт байдлыг хангах; 5.1.8.экосистемийн үнэ цэнэ, биологийн олон янз байдлын алдагдалгүй байх зарчмыг баримтлах.

5.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын зорилгыг алдагдуулж болзошгүй, алдагдуулсан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

6 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ

6.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний сүлжээ нь дараах газар нутгаас бүрдэнэ:

6.1.1. улсын тусгай хамгаалалттай газар нутаг;

6.1.2. орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг;

6.1.3. олон улсын байгаль хамгааллын зорилго бүхий ангилалд орсон газар нутаг.

6.2. Энэ хуулийн 6.1.3-т заасан газар нутагт хамгаалалтын бүсийн ой болон усны онцгой хамгаалалтын бүсийн газар хамаарна.

6.3. Энэ хуулийн 6.1-д заасан газар нутгийн мэдээллийг олон улсын холбогдох байгууллагад хүргүүлнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТӨРӨЛ, АНГИЛАЛ, ХАМГААЛАЛТАД АВАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

7 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал

7.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг гэсэн төрөлтэй байна.

7.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутаг нь дараах ангилалтай байна:

7.2.1.дархан цаазат газар нутаг; 7.2.2.байгалийн цогцолборт газар нутаг; 7.2.3.байгалийн нөөц газар нутаг; 7.2.4.дурсгалт газар нутаг.

7.3. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно.

8 дугаар зүйл. Дархан цаазат газар нутгийн шалгуур үзүүлэлт

8.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг дархан цаазат газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:

8.1.1. байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрх, анхдагч шинж чанараа хадгалсан газар нутаг;

8.1.2. дэлхийн болон бүс нутаг, үндэсний хэмжээнд ховор, нэн ховор, устах аюулд орсон, эндемик амьтан, ургамлын төрөл, зүйл, тэдгээрийн нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлсэн экосистемийг хадгалан хамгаалах цөм газар нутаг;

8.1.3. гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, ус намгархаг газар, хүлэрт намаг бүхий газар нутаг;

8.1.4. түүх, соёл, шинжлэх ухааны ач холбогдол бүхий газар нутаг;

8.1.5. уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд биологийн олон янз байдал тэсвэрлэн үлдэх боломжтой газар нутаг.

8.2. Дархан цаазат газар нь биологийн олон янз байдал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг урт хугацаанд хадгалах үндсэн хамгаалалтын цөм газар нутаг байна.

Тайлбар: Энэ зүйлд заасан “эндемик зүйл” гэж хөрс, ус, агаар, уур амьсгалын нөхцөлөөс шалтгаалан хязгаарлагдмал орон зайд тархсан биологийн зүйлийг ойлгоно.

9 дүгээр зүйл. Байгалийн цогцолборт газар нутгийн шалгуур үзүүлэлт

9.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:

9.1.1. байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинжийг төлөөлсөн байгалийн унаган төрхөө хадгалсан газар нутаг;

9.1.2. экологийн хувьд эмзэг, өвөрмөц экосистемийг хадгалах, амьтан, ургамал сэргээн нутагшуулах боломжтой ач холбогдол бүхий газар нутаг;

9.1.3. байгаль, түүх, соёлын үнэт өв, өвөрмөц, байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газар нутаг;

9.1.4. биологийн олон янз байдлын тархац газар, амьтан, ургамал нүүдэллэх, нөхөн үржих, сэргээн нутагшуулах боломжтой газар нутаг;

9.1.5. гол мөрний урсац бүрэлдэх эх, гадаргын болон газрын доорх цэнгэг усны нөөц, цэвдэг, усны сан болон ойн сан бүхий газар нутаг;

9.1.6. уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг биологийн олон янз байдал тэсвэрлэн үлдэх боломжтой газар нутаг;

9.1.7. байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий газар нутаг.

9.2. Байгалийн цогцолборт газар нь хамгаалалт, нөхөн сэргээлт, экологийн боловсрол болон байгалийн аялал жуулчлалыг зохистой хослуулсан менежменттэй байна.

10 дугаар зүйл. Байгалийн нөөц газар нутгийн шалгуур үзүүлэлт

10.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:

10.1.1. байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалсан экосистемийн төлөөлөл бүхий газар, экологийн холбоос нутаг;

10.1.2. ховор амьтан, ургамал, эндемик зүйлийг хамгаалах, тэдгээрийн нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх биологийн нөөц газар;

10.1.3. эртний ургамал, амьтдын олдвор бүхий газар;

10.1.4. байгалийн нөөц, түүний үр шим, экосистемийн үйлчилгээний тогтвортой байдлыг хангах ач холбогдол бүхий газар нутаг;

10.1.5. өвөрмөц тогтоц, илэрц, тэдгээрийн бүтцийг байгалийн байдлаар нь хадгалах геологийн нөөц газар нутаг;

10.1.6. гол, мөрөн, усны эх үүсвэрийг хамгаалах зорилго бүхий усны болон ойн сан бүхий газар нутаг.

10.2. Байгалийн нөөц газар нутагт экологийн даацад нийцүүлэн байгалийн нөөцийг зохистой ашиглаж болно.

11 дүгээр зүйл. Дурсгалт газар нутгийн шалгуур үзүүлэлт

11.1. Дурсгалт газар нутаг нь байгалийн дурсгалт газар, түүх, соёлын дурсгалт газар, дэлхийн болон үндэсний соёлын өвийн дурсгалт газар гэсэн төрөлтэй байна.

11.2. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авна:

11.2.1. үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц, илэрц бүхий газар, эртний ургамал, амьтны чулуужсан үлдэгдэл, хүрхрээ, хавцал, агуй, хад цохио, рашаан булаг, баянбүрд, элсэн манхан, галт уулын тогоо бүхий байгалийн дурсгалт газар нутаг;

11.2.2. эртний хүний оромж, хадны зураг, бичээс, буган болон хүн чулуун хөшөө, булш бунхан, эртний хот суурины үлдэгдэл, тахилга, түүхэн чухал үйл явдал болсон газар бүхий түүх, соёлын дурсгалт газар нутаг.

11.3. Дурсгалт газрын хилийн заагийг тухайн дурсгалт зүйлийн онцлог, хамгаалалтын шаардлагад үндэслэн гурван километр хүртэл зайтай тогтоож болно.

11.4. Дурсгалт газрын хамгаалалтын дэглэм нь тухайн дурсгалт зүйлийн эх төрх, үзэмж, түүхэн үнэ цэнийг хадгалахад чиглэнэ.

12 дугаар зүйл. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн шалгуур үзүүлэлт

12.1. Дараах шалгуурыг хангасан газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авч болно:

12.1.1. гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар болон ус, рашааны нөөц бүхий газар нутаг;

12.1.2. амьтан, ургамлын зүйлийг хамгаалах, нүүдэллэх, нөхөн үржих нөхцөлийг бүрдүүлэх экологийн холбоос нутаг;

12.1.3. түүх, соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутаг;

12.1.4. нутгийн иргэдийн ахуй, соёл, уламжлал, нүүдлийн соёлыг хадгалах ач холбогдол бүхий газар нутаг;

12.1.5. цөлжилтөд хүчтэй өртсөн, нөхөн сэргээх шаардлагатай газар нутаг;

12.1.6. экосистемийн үнэ цэнийг алдагдуулахгүйгээр байгалийн нөөцийг зохистой ашиглах боломжтой газар нутаг;

12.1.7. аялал жуулчлалын ач холбогдол бүхий газар нутаг;

12.1.8. хиймэл нуур, цөөрөм, таримал ой, ногоон байгууламж бүхий газар нутаг.

12.2. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн зорилго нь тухайн орон нутгийн тогтвортой хөгжил, экологийн аюулгүй байдал, уламжлалт ахуйг хамгаалах байна.

12.3. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт энэ хуульд заасан бүсчлэл, хамгаалалтын дэглэмийг тухайн газар нутгийн онцлогт нийцүүлэн хэрэглэж болно.

13 дугаар зүйл. Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад бүрдүүлэх баримт бичиг

13.1. Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

13.1.1.шинжлэх ухааны үндэслэл бүхий судалгаа; 13.1.2.хилийн зааг, байршлын зураглал; 13.1.3.экологийн үнэлгээ; 13.1.4.харьяалах аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал.

14 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоох

14.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг кадастрын зураглал, солбицлоор тогтооно.

14.2. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг Улсын Их Хурал, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

14.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийн мэдээллийг газрын нэгдмэл сангийн цахим системд бүртгэнэ.

15 дугаар зүйл. Улсын хил орчмын болон хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутаг

15.1. Хамгаалалтын захиргаа улсын хил орчмын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын менежментийг хил хамгаалах байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

15.2. Хил орчмын тусгай хамгаалалттай газар нутагт мөрдөх хамгаалалтын болон хил орчмын хамтарсан дэглэмийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Улсын хил хамгаалах байгууллагатай хамтран боловсруулж, Засгийн газар батална.

15.3. Олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, дэлхийн өв, шим мандлын нөөц газар болон хил дамнасан тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг Монгол Улсын олон улсын гэрээ, холбогдох стандартад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН БҮС, ДЭГЛЭМ

16 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүс

16.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь дотоод болон орчны бүстэй байна.

17 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс

17.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь дараах дотоод бүстэй байна:

17.1.1.онгон бүс; 17.1.2.онцгой бүс; 17.1.3.хамгаалалтын бүс; 17.1.4.хязгаарлалтын бүс.

18 дугаар зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг тогтоох, өөрчлөх үндэслэл

18.1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газар нутгийн дотоод бүсийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоож, өөрчилнө.

18.2. Онгон, онцгой, хамгаалалтын болон хязгаарлалтын бүсийн хилийн заагийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

18.3. Байгалийн нөөц газар нутаг, дурсгалт газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

18.4. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

18.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүс, түүний хилийн заагийг тогтоохдоо шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, экологийн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээ, олон нийтийн оролцоо, харьяалах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэнэ.

18.6. Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу бүс, түүний хилийн заагийг тогтоохдоо хамгаалалтын түвшинг бууруулах, хилийн заагийг дотогш нь хумьж өөрчлөхийг хориглоно.

19 дүгээр зүйл. Онгон бүсийн дэглэм

19.1. Онгон бүсэд зөвхөн хамгаалалт, судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулна.

19.2. Онгон бүсэд байгалийн унаган төрхийг өөрчлөх аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

20 дугаар зүйл. Онцгой бүсийн дэглэм

20.1. Онцгой бүсэд судалгаа, мониторинг, нөхөн сэргээлтийн арга хэмжээ хэрэгжүүлж болно.

21 дүгээр зүйл. Хамгаалалтын бүсийн дэглэм

21.1. Хамгаалалтын бүсэд байгалийн нөөцийг зөвхөн нутгийн иргэдийн ахуйн хэрэглээнд экологийн даацад нийцүүлэн ашиглах, нөхөн сэргээх, байгалийн аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж болно.

22 дугаар зүйл. Хязгаарлалтын бүсийн дэглэм

22.1. Хязгаарлалтын бүсэд экологийн даац, менежментийн төлөвлөгөөнд нийцүүлэн судалгаа, шинжилгээ, аялал жуулчлал, уламжлалт мал аж ахуй, өвөлжөө, хаваржаа, хадлан бэлтгэлийн зориулалтаар болон нутгийн иргэний ахуйн хэрэглээний байгалийн ургамал, ойн дагалт баялгийг ашиглаж болно.

22.2. Экологийн холбоос нутгийг тасалдуулах дэд бүтэц, хашаа, байгууламж барих болон тогтоосон зам, маршрут, байршлаас гадуур тээврийн хэрэгслээр зорчих, шинээр зам гаргахыг хориглоно.

22.3. Шаардлагатай тохиолдолд амьтны нүүдэллэх, шилжилт хөдөлгөөнийг хангах гарц, гарам байгуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

22.4. Тусгай хамгаалалттай газар нутагт энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн хот, суурингийн суурьшлын бүсэд хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоож болно.

22.5. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг Улсын Их Хурал тогтооно.

22.6. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хилийн заагийг өргөтгөх, тусгай хамгаалалттай газар нутагт шинээр суурьшлын бүс байгуулахыг хориглоно.

22.7. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүс тогтоох нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, эрх зүйн байдлыг өөрчлөх үндэслэл болохгүй.

22.8. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн менежмент, газар ашиглалт, инженерийн болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг дараах баримт бичгийг үндэслэн Засгийн газар баталж, хэрэгжүүлнэ:

22.8.1.хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө; 22.8.2.инженерийн болон нийгмийн дэд бүтцийн төлөвлөгөө; 22.8.3.ус ашиглалт, бохир ус, хог хаягдлын менежментийн төлөвлөгөө.

22.9. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсэд хүн амын нягтаршил, ус ашиглалт, авто тээврийн ачаалал, бохир ус, хог хаягдлын хэмжээ нь экологийн даацаас хэтрэхгүй байна.

22.10. Хот, суурин орчмын хязгаарлалтын бүсийн газар ашиглалт, барилга байгууламжтай холбогдсон харилцааг Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Газрын тухай хуулиар зохицуулна.

23 дугаар зүйл. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газар нутагт хориглох үйл ажиллагаа

23.1. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

23.1.1. газар хагалах, газрын хэвлийг ухах, тэсэлгээ хийх, элс, хайрга, чулуу олборлох, байгалийн төлөв байдлыг өөрчлөх;

23.1.2. ашигт малтмал, газрын тос эрэх, хайх, олборлох, ашиглах, баяжуулах;

23.1.3. байгалийн болон түүх, соёлын өвийн дурсгалт зүйлийг эвдэх, сүйтгэх, гэмтээх;

23.1.4. хөрс, ус, агаар орчныг бохирдуулах;

23.1.5. харь зүйлийн амьтан, ургамал нутагшуулах;

23.1.6. экологийн холбоос нутгийг хаах, хязгаарлах;

23.1.7. химийн хорт болон аюултай бодис ашиглах, хаях;

23.1.8. байгалийн унаган төрхийг алдагдуулах барилга байгууламж барих.

23.2. Дархан цаазат газрын онгон болон онцгой бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ, мал бэлчээх, хадлан бэлтгэх, мод, ойн дагалт баялгийг ашиглах, тээврийн хэрэгслээр тогтоосон маршрутаас гадуур зорчихийг хориглоно.

23.3. Байгалийн цогцолборт газар нутгийн онгон болон онцгой бүсэд зөвшөөрөлгүйгээр аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх, бартаат замын зориулалттай тээврийн хэрэгслээр зорчих, амьтан үргээх, амьтан, ургамлын өсөлт, үржилтэд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

23.4. Хамгаалалтын бүсэд энэ хуулийн 23.1.1-23.1.8-д заасан үйл ажиллагаанаас гадна менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагааг хориглоно.

23.5. Хязгаарлалтын бүсэд энэ хуулийн 23.1.1-23.1.8-д заасан үйл ажиллагаанаас гадна менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй барилга байгууламж барих, экологийн даац хэтрүүлэн байгалийн нөөц ашиглах, тогтоосон зам, маршрутаас гадуур тээврийн хэрэгслээр зорчихийг хориглоно.

24 дүгээр зүйл. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүс

24.1. Тусгай хамгаалалттай газар нутгийг сөрөг нөлөөллөөс хамгаалах, экологийн холбоос, усны эх, амьтан, ургамлын амьдрах орчин, нүүдэллэх болон нөхөн үржих нөхцөлийг хадгалах зорилгоор тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагаас гурван километрээс доошгүй байхаар орчны бүсийг тогтоож болно.

24.2. Орчны бүсийн хилийн зааг, дэглэм, ашиглалтын нөхцөлийг тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, хамгаалалтын зорилго, экологийн даац, газар ашиглалтын онцлог, орон нутгийн хөгжлийн төлөвлөлт, нутгийн иргэдийн уламжлалт ахуй зэргийг харгалзан тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

24.3. Орчны бүсийн хилийн заагийг тогтоохдоо шинжлэх ухааны байгууллагын дүгнэлт, экологийн үнэлгээ, газрын кадастрын мэдээллийг үндэслэн харьяалах Засаг даргын болон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзнэ.

24.4. Орчны бүсэд газар болон байгалийн нөөц ашиглалт, аялал жуулчлал, дэд бүтцийн үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын зорилго, экологийн даацад нийцүүлэн зохицуулна.

24.5. Орчны бүсийн менежментэд нутгийн иргэдийн оролцоог хангах зорилгоор орчны бүсийн зөвлөлийг байгуулан ажиллана.

24.6. Орчны бүсийн зөвлөлийг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан тусгай хамгаалалтын захиргаанаас санаачлан байгуулна.

24.7. Орчны бүс нь жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй байх бөгөөд төлөвлөгөөнд байгаль хамгаалал, аялал жуулчлал, нутгийн иргэдийн оролцоо, нөхөн сэргээлтийн арга хэмжээг тусгана.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН МЕНЕЖМЕНТ

25 дугаар зүйл. Судалгаа шинжилгээ

25.1. Хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутагт байгаль орчны төлөв байдал, биологийн олон янз байдал, экосистемийн үйлчилгээний судалгаа, мониторингийг тогтмол хийнэ.

25.2. Судалгаа шинжилгээний ажлыг шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж болно.

25.3. Тусгай хамгаалалттай газар нутагт судалгаа шинжилгээ хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26 дугаар зүйл. Менежментийн зарчим

26.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент нь дараах зарчимд үндэслэнэ:

26.1.1.шинжлэх ухаанд суурилсан байх; 26.1.2.экологийн даацад нийцсэн байх; 26.1.3.нутгийн иргэдийн оролцоог хангах; 26.1.4.хамтын менежментийг дэмжих; 26.1.5.санхүүжилтийн тогтвортой эх үүсвэртэй байх; 26.1.6.ил тод, хариуцлагатай байх; 26.1.7.мониторингийн мэдээлэлд үндэслэсэн байх.

27 дугаар зүйл. Менежментийн төлөвлөгөө

27.1. Тусгай хамгаалалттай газар нутаг бүр орон зайн төлөвлөлт дээр суурилсан менежментийн төлөвлөгөөтэй байна.

27.2. Менежментийн төлөвлөгөө нь 5 жилийн хугацаатай байх бөгөөд дараах асуудлыг тусгана:

27.2.1.хамгаалалтын зорилго; 27.2.2.хамгааллын үнэт зүйл, биологийн олон янз байдлын хамгаалал; 27.2.3.дотоод бүс; 27.2.4.экологийн холбоос; 27.2.5.байгалийн нөөцийн ашиглалт; 27.2.6.аялал жуулчлалын менежмент; 27.2.7.судалгаа шинжилгээ; 27.2.8.санхүүжилтийн эх үүсвэр; 27.2.9.хэрэгжилтийн шалгуур үзүүлэлт; 27.2.10.нутгийн иргэдийн оролцоо; 27.2.11.нөхөн сэргээлтийн арга хэмжээ; 27.2.12.энэ хуулиар зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаа.

27.3. Дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, байгалийн нөөц газар, дурсгалт газрын менежментийн төлөвлөгөөг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

27.4. Хоёр ба түүнээс дээш аймгийн газар нутгийг дамнан орших байгалийн нөөц болон дурсгалт газар нутгийн менежментийн төлөвлөгөөг харьяалах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авна.

27.5. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрын менежментийн төлөвлөгөөг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

27.6. Хамгаалалтын захиргаа тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.

27.7. Менежментийн төлөвлөгөөг батлахын өмнө нутгийн иргэд, газар ашиглагч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангасан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулна.

27.8. Менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хоёр жил тутам үнэлгээ хийнэ.

27.9. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх журмыг Засгийн газар батална.

27.10. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, бүсчлэл, экологийн даац, хамгаалалтын асуудлаар Шинжлэх ухааны зөвлөл ажиллаж болно.

27.11. Шинжлэх ухааны зөвлөлийн ажиллах журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

28 дугаар зүйл. Менежментийн хэлбэр

28 .1. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг дараах хэлбэрээр хэрэгжүүлнэ:

28.1.1.төрийн менежмент; 28.1.2.гэрээгээр хэрэгжүүлэх менежмент; 28.1.3.хамтын менежмент.

28 .2. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн хэрэгжилтийн удирдлага зохион байгуулалтын асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хариуцна.

28 .3. Хамгаалалтын захиргаа нь өөрийн хариуцсан тусгай хамгаалалттай газар нутагт менежментийг хариуцан хэрэгжүүлнэ.

28 .4. Энэ хуулийн 28.3-т зааснаас гадна хоёр ба түүнээс дээш тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг нэг хамгаалалтын захиргаа хариуцан хэрэгжүүлж болно.

29 дугаар зүйл. Менежментийг гэрээгээр хэрэгжүүлэх

29.1. Байгалийн цогцолборт болон байгалийн нөөц газар нутаг, дурсгалт газар нутгийн менежментийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

29.2. Менежментийг гэрээгээр хэрэгжүүлэх төрийн бус байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна:

29.2.1.байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх; 29.2.2.мэргэжлийн хүний нөөцтэй байх; 29.2.3.санхүүгийн чадавхтай байх.

29.3. Менежментийг хэрэгжүүлэх төрийн бус байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр сонгож, гэрээ байгуулна.

29.4. Менежментийн гэрээний хугацаа 15 жил байх бөгөөд нэг удаа сунгах хугацаа 15 жилээс доошгүй байна.

29.5. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг гэрээгээр хэрэгжүүлэгч этгээд нь тайлангаа тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор гэрээний хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ.

29.6. Менежментийн гэрээний загварыг Засгийн газар батална.

29.7. Менежментийн гэрээний хэрэгжилтийг хоёр жил тутам дүгнэх бөгөөд гэрээний нөхцөл хангаагүй тохиолдолд гэрээг цуцалж болно.

29.8. Менежментийг хэрэгжүүлж байгаа төрийн бус байгууллагад гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ.

30 дугаар зүйл. Ойн менежмент, нөхөн сэргээлт, түймрийн хамгаалалт

30.1. Тусгай хамгаалалттай газар нутаг нь ойн сан бүхий газартай давхацсан бол ойн арчилгаа, цэвэрлэгээ, нөхөн сэргээлтийг дэглэмд нийцүүлэн хуульд заасны дагуу хийнэ.

30.2. Ойн түймэр, ойн хөнөөлт организм, харь зүйлийн ургамлын тархалтаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үр дагаврыг нь арилгах арга хэмжээг хамгаалалтын захиргаа нь сум, сум дундын ойн ангитай хамтран хэрэгжүүлнэ.

30.3. Доройтсон экосистемд суурилсан нөхөн сэргээлт, унаган зүйлийн ургамал, амьтныг сэргээн нутагшуулалтын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэрэгжүүлж болно.

31 дүгээр зүйл. Нутгийн иргэн болон хамтын менежмент

31.1. Нутгийн иргэн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, нөхөн сэргээлт, менежментэд оролцох эрхтэй.

31.2. Хамгаалалтын захиргаа нутгийн иргэдийн уламжлалт мэдлэг, арга ухааныг хамгаалалт, менежментэд ашиглаж, тэдний оролцоо, ашиг хүртэх нөхцөлийг хангаж ажиллана.

31.3. Байгалийн нөөцийн хамтын менежментийг нутгийн иргэдийн нөхөрлөл, холбоогоор хэрэгжүүлж болно.

31.4. Нутгийн иргэн ойн дагалт баялаг, байгалийн ургамлыг ахуйн хэрэглээнд ашиглаж болно.

31.5. Ахуйн хэрэглээнд ашиглах байгалийн ургамал, ойн дагалт баялгийн төрөл, хэмжээ, улирлын хязгаарыг хамгаалалтын захиргаа экологийн даацад үндэслэн тогтооно.

Тайлбар: Энэ зүйлд заасан “ахуйн хэрэглээ” гэж тухайн өрхийн өдөр тутмын хэрэглээг хангах зорилгоор үйлдвэрлэлийн бус хэмжээнд байгалийн нөөц ашиглахыг ойлгоно.