Адал явдалт аяллын хөтөч бэлтгэх сургалтыг ATTA-тай хамтран зохион байгуулна


"Adventure Travel Trade Association" (ATTA) Монгол улстай хамтран 2025 онд хэрэгжүүлэх боломжит үйл ажиллагааны саналыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ажлын алба, Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, АЖМХ-ны салбар холбоо болох Адал явдалт аялал жуулчлалын холбооны төлөөлөл хэлэлцэж хамтран ажлын хэсэг байгуулан хэрэгжүүлэхээр боллоо.

Уулзалтын агуулга, шийдвэрүүд

ATTA байгууллагын 2025 оны хамтын ажиллагааны саналыг танилцуулсан

• ATTA (Adventure Travel Trade Association) нь адал явдалт аялал жуулчлалын салбарын чадавхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

• Монгол Улсад 2025 онд хамтран хэрэгжүүлэх боломжит гурван үндсэн үйл ажиллагааны санал хүргүүлсэн бөгөөд эдгээрийг хэлэлцлээ.

Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв

• АЖМХ-ны ажлын алба, Монголын Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбоо, Адал Явдалт Аялал Жуулчлалын Холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, хамтын ажиллагааг уялдуулан хэрэгжүүлэхээр тохиров.

2025 оны хөтөчийн сургалтыг зохион байгуулах

• Монгол Улсад адал явдалт аяллын чиглэлээр ажиллаж буй мэргэжлийн хөтөч нарыг чадавхжуулах зорилготой "AdventureEDU Guide Training" сургалтыг 2025 оны 4-р улиралд зохион байгуулахаар тогтов.

• Сургалт нь онол, практик, танхимын болон онлайн хосолсон хэлбэрээр, олон улсын хоёр туршлагатай багшийн оролцоотой явагдана.

Цаашдын хамтын ажиллагааны хүрээнд дараах арга хэмжээг төлөвлөв

• Adventure Travel World Summit (ATWS) арга хэмжээнд Монгол улсыг оролцуулан, Монголын адал явдалт аяллыг дэлхийн тавцанд сурталчлах.

• ATTA Mentorship Program-ийг хэрэгжүүлж, сургалтад хамрагдсан хөтөч нарт нэг бүрчлэн мэргэжлийн зөвлөгөө өгөх.

• "Train the Trainer" буюу үндэсний сургагч багш нарыг бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судлах.

Дээрх арга хэмжээнүүд нь Монголын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын түвшинд өрсөлдөхүйц байдалд хүргэх, улмаар Монгол Улсыг адал явдалт аяллын чиглэлээр дэлхийд таниулах стратегийн чухал алхам байх болно.