/Four seasons сэтгүүл/ Бид маш олон эрсдэл хүлээгч бизнесмен, нийгмийн бараан үед мөс хагалан зүтгэгч, манлайлагчдыг мэднэ.Тэгвэл тэдний нэг нь Монголын аялал жуулчлалын салбарын дунд үеийг буухиалагч Б.Барсболд юм.
Дөнгөж сургуулиа төгсөөд хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй явсан түүнд интернэт гэх шинэ ертөнц цонхоо нээжээ. Б.Барсболдыг их сургуулиа төгссөн 2000-аад оны эхээр Google нээгдээд удаагүй ч хэрэглээнд нэвтэрч, дэлхийн улс орнууд, бизнесүүд түүнийг хэдийн ашиглаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулаад эхэлчихсэн байж. Аялал жуулчлалын бизнес бол дэлхийтэй харилцаж, тэндээс хэрэглэгч, үйлчлүүлэгчээ олдог хил хязгааргүй ертөнц. Тиймээс дэлхийгээс хэрхэн аялагчид олж, Монголдоо авчрах, тэдэнд улсаа яаж сурталчилж, холбоо тогтоох вэ хэмээн удаан бодож, судалсны эцэст “Монголыг нээе” веб сайтаа нээх санааг олжээ.
“МУИС-ийн Аялал жуулчлалын ангид элсэн орж, дөрвөн жил суралцаж төгсөөд мэргэжлээрээ ажиллаж, амьдрах зорилго тээн явсан ч бодит байдал төсөөлсөн шиг байгаагүй. Сургуулиа төгсөх үед буюу 2000-аад оны эхээр манай орны хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин одоогийнхоос арай өөр байсан юм. Мэргэжлээрээ ажиллах нь байтугай ажил олж хийх нь их том асуудал байлаа шүү дээ. Худалдаа, үйлчилгээ, фм, радио гээд төрөл бүрийн ажил хийх гэж үзлээ. Ер бүтэх юм биш. Харин ангийн багшийнхаа ачаар хоёр жил гаруйн хугацаанд их сургуульд мэргэжлээрээ багшилж, туршлага хуримтлуулж, судалгаа хийх боломж олдсон нь надад хамгийн том завшаан болсон. Түүнийхээ үр шимээр Black Ibex гэх анхны компаниа байгуулж байсан түүхтэй. Дараа нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн яаж гаднын зах зээлд хүргэж, аялагчдыг татах вэ гээд судалж байтал Google дээр Монголын аяллыг зохион байгуулж буй нь дандаа гадаадын компаниудын нэрээр гарч ирээд байгааг анзаарсан.Энэ нь “Яагаад Монгол компани үүнийг хийж болохгүй гэж” гэдэг цагаан атаархлыг төрүүлсэн. Тэгээд л тэдэн шиг вэбсайтаа нээж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж, аяллын захиалга хүлээн авах “Travel to Mongolia” уриатай www.discovermongolia.mn веб сайтаа нээсэн. Энэ сайт маань аялал жуулчлалын салбарт олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлсэн, Монгол руу жуулчин илгээдэг гадаадын компаниудтай өрсөлдөхүйц, шинэлэг, хайлтын системд тэргүүлэгч болж чадсан. Манай компанийн араас маш олон газрууд веб сайттай болж, цахим ертөнцөд хөл тавьсан даа. Бүр яг манай сайтыг харуулаад эднийх шиг сайт хийгээд өг гэж очдог байсан гэдэг. Түүнээс хойш 20 гаруй жил салбартаа үнэнчээр ажиллаж, хөдөлмөрлөсөөр өдийг хүрлээ” хэмээн Б.Барсболд хуучилна. Хорин хэдтэй шинэхэн төгсөгч залуугийн шинэ тутам хөгжиж буй аялал жуулчлалын салбарт цахим ертөнцийг нээж, мөс хагалсан түүх нь ийм.
Одоо тэр дахин нэг шинэ үйлчилгээг аялагчдад санал болгож буй. Тэр бол “ОТОГЛОЁ” хэмээх албан байгууллага, групп аялагчдад стандартад нийцсэн ариун цэврийн байгууламж, хоол, нүүдлийн кемп бүхий үйлчилгээтэй аяллын шинэ тренд юм.
Энэ тухай тэрээр “Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан аялал жуулчлалын салбар маш их уналтад орсон. Тийм учраас бид үйл ажиллагаагаа эргэн сэргээхэд багагүй хүчин чармайлт гарган ажиллалаа. Аялагчдын сонирхол, аяллын чиг хандлагад нийцүүлэн бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэн, өргөжүүлсээр байна. Ковидын дараа хүмүүс байгальд илүү ойр байхыг эрмэлзэх болсон. Тиймээс бид байгальд ээлтэй, ая тухтай отоглож, зуныг хөгжилтэй, зугаатай, хэзээ ч мартагдахааргүй өнгөрүүлэх, нүүдлийн кемптэй аяллын хөтөлбөрийг гаргах болсон. Ихэвчлэн албан байгууллагууд бидэнд ханддаг” гэж ярилаа.
Одоогоор түүний үүсгэн байгуулсан “Discover Mongolia” цар хүрээгээ тэлэн Discover World групп компани болох зорилготойгоор Хятад болон Тайланд улсуудын зах зээл дээр Discover China, Discover Thailand зэрэг аялал жуулчлалын бизнесүүдийг эхлүүлэн ажиллаж байна.
Мөн аутбаунд зах зээл дээр Discover World Travel компанийг үүсгэн байгуулж Монголын аялагчдад олон төрлийн шинэлэг аяллууд болон шинэ маршрутыг нээх хөгжүүлэлтүүдийг хийж байна. Вьетнам, Тайланд, Малайз, Япон, Солонгос, Хятад, Энэтхэг, АНЭАУ, Турк, Казакстан, Европын холбооны улсууд руу аялал зохион байгуулж, Монгол аялагчдад дэлхийг нээхэд туслаж байна.
Б.Барсболд нь МҮХАҮТ-ын аялал жуулчлалын зөвлөлийн дарга, Мэргэжлийн Аялал жуулчлалын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг бөгөөд төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодтой хамтран ‘“Шинэ хэвийн байдал – Аялал жуулчлалыг сэргээх стратеги’’ уриан дор Аялал жуулчлалын форумыг зохион байгуулсан. Улмаар Ковид 19 цар тахлаас үүдэлтэй Аялал жуулчлалын салбарын хүндрэл бэрхшээлийг хохирол багатайгаар даван туулж, богино хугацаанд
“ДИСКОВЕР МОНГОЛИА” ХХК-ийн ЗАХИРАЛ Б.БАРСБОЛД