“СОЁЛТОЙ АЯЛЪЯ” аян 60 хоног үргэлжлэв


Аливаа улс орны аялал жуулчлалын хөгжлийг олон төрлийн үзүүлэлт, харьцуулалтын аргаар тодорхойлдог. Үүний чухал үзүүлэлтийн нэг бол тухайн улс орны дотоодын аялал жуулчлалын хөгжлийн байдал юм. Дотооддоо аялал жуулчлалын бодлого, аялагч амрагчдын байгальд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн өгөөж, аяллын боловсрол буюу зөв аялах төлөвшлөөр тодорхойлогдоно.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялагчдын хандлага эерэг үзүүлэлт рүү хөтөлж байна. Тийм хэдий ч зарим аялагч, амрагчид болон орон нутгийн дэд бүтцийн хөгжил, орчны менежментийн байдал, тэмдэг тэмдэглэгээ, бүх нийтийн аяллын боловсролын мэдээлэл дутагдалтай байдлаас хамааран хог хаягдал, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөх хэмжээний сөрөг үр дагавар гарсаар байгаа юм. Дотоодын аялагчдын дунд 2023 онд явуулсан судалгаанаас үзвэл эх орноороо аялах аялалдаа зарцуулж буй нийт зардлынхаа 54%-ийг хоол хүнс, ус, ундаанд зарцуулдаг хэмээн хариулсан нь эргээд хэр их хог хаягдлын эх үүсвэр бүрддэгийг харж болно. Мөн аялагчдын 93.8% хувь нь хувийн машинаараа аялдаг бол 71,4% майханд байрлан байрладаг гэж хариулсан байдаг.

Тус оны Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Улаанбаатар хотоос 278 мянган тээврийн хэрэгсэл орон нутаг руу зорчсон гэх тоо гарсан нь дотоодын аялагч, амрагчид 1 сая давсан гэж үзэж болох юм. Энэ үзүүлэлтүүдээс харвал эргээд хэн хэрхэн аялж байгааг хянах, тооцох боломжгүй учир хувь хүнд нь нөлөөлсөн аяллын боловсрол олгох, зөвлөмж мэдээллийг түгээх нь сөрөг нөлөөллийг буруулах зөв алхмуудын нэг байдаг. Байгальд ээлтэй, хариуцлагатай, хоггүй аялахыг уриалах зорилгоор Аялал жуулчлалын технологийн төвийн санаачилгаар Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, CU конвиниенс дэлгүүрийн дэмжлэг, хамтран зохион байгуулалтаар СОЁЛТОЙ АЯЛЪЯ аянг 60 хоногийн хугацаанд хэрэгжүүлж ажиллаа.

Монголын аялал жуулчлалын салбарын түүхэнд дотоодын аялал жуулчлалын хүрээнд хэрэгжүүлсэн “Соёлтой аялъя” аяны үеэр нийт 125 аяллын контеныг бэлтгэн хүргэв. Энэ нь дотоодын аялал жуулчлалд хэрэгжүүлсэн хамгийн урт бөгөөд үр дүнтэй аян болсон юм. Нэг удаа аян зарлаад үр дүн төдийлөн сайн харагдахгүй. Үүнийг өвөл, зун гэсэн давтамжтайгаар олон жил тасралтгүй хийж байж л үр дүн гарна. Иймээс СОЁЛТОЙ АЯЛЪЯ аяллын боловсрол олгох урт хугацааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн ажиллах болно.

СОЁЛТОЙ АЯЛЪЯ аяны зорилго нь аялагчдын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эх дэлхийгээ хайрлан хариуцлагатай аялахыг уриалах, аяллын боловсрол олгоход чиглэж байгаа юм.


"Соёлтой аялъя" аяны санаачлагч, зохицуулагч М.Дархижав