МОНГОЛЫН НУТГААР ДАМЖИН “ЦАЙНЫ ЗАМ”-ЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ДАХИН СЭРГЭНЭ


Тэртээ XIII зуунд Хятад улс уламжлалт цайгаа Орос болон Европ руу зөөж байсан худалдааны замыг Цайны зам гэж нэрлэдэг. Монголын нутаг энэ замын гол дамжуулах шугам болж, Хятад, Алтай, Сибирь, Волжийн гол, Москва, Киев, улмаар Германы хотууд руу хүрч, Европын худалдааны зах зээлд нийлүүлэгддэг байжээ. Цайны зам нь тухайн үед худалдааны гүүр төдийгүй соёл, хөгжлийн түүхэнд асар чухлаар нөлөөлсөн түүхэн ач холбогдолтой зам байсан түүхтэй.

Ийн 16-18-р зуунд цайны зам аажмаар хэрэглээнээс гарч, XIX зуунаас хуучирч, орчин үеийн төмөр зам, далайн худалдаа руу шилжсэн аж.

Түүхэн энэ замыг сэргээх Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан өнгөрсөн баасан гарагт /2025.11.07/ Дархан хотод боллоо.

Хуралдаанаар Монголын талын санаачилгаар “Цайны зам” нэрийн авто аяллын маршрутыг нээж, нэгдсэн стандарт бүхий аяллын бүтээгдэхүүн гаргах, гурван улсын тур операторуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурав. Дархан, Төв аймгууд Цайны замд нэгдэх хүсэлтээ илэрхийлэв. Төв аймаг цайны замын холбоонд нэгдсэнээр Баян, Сэргэлэн сумдад цайны тэмээн жингийн үзүүлбэр, тэмээн аялал, цайны музей байгуулах зэрэг төлөвлөгөөгөө гурван улсын сайдуудад танилцуулсан юм. 

Уулзалтаар Соёл, аялал жуулчлалын сайд Ч.Ундрам, 2016 оноос шинэ шатанд гарсан гурван улсын сайдуудын уулзалтын хүрээнд БНХАУ, ОХУ руу хийх шууд нислэг, шинэ чиглэлүүд нэмэгдэж Улаанбаатар-Бээжингийн галт тэрэг 5 жилийн дараа эргэн сэргэсэн. Мөн Алтанбулаг боомтын өргөтгөлийн ажил дуусаж, хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 2 сая зорчигч хүлээн авах боломжтой боллоо.


Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагаа өргөжиж, Сүнбэр-Өвдөг боомтууд өдөр бүр ажиллах болсон нь хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг нээ. Цаашид “Цайны замын аялал жуулчлалын цахим платформ”-ыг хамтран хөгжүүлж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээллийг нэг цэгээс авах боломж бүрдүүлэхээр төлөвлөж байна гэв. Хятад, Орос улсын аялал жуулчлалын сайдууд Цайны замыг дагасан дэд бүтэц, жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжихээ илэрхийлсэн юм.

ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ТОМ ҮҮД ХААЛГА НЭЭГДЭЖ БАЙНА

Нэгдсэн хуралдаанаар зочид, төлөөлөгчдөд бүтээгдэхүүнээ танилцуулахаар жижиг дунд бизнес эрхлэгчид ирсэн байлаа. Цайны замын аялалд зориулан Монголын уламжлалт гар урлалыг орчин үеийн хийцтэй хослуулсан богц, цүнх, хавтага, түлхүүрийн оосор зэрэг бүтээгдэхүүн урладаг Дархан хотын бизнес эрхлэгч, загвар зохион бүтээгч Д.Алтантуултай ярилцав. 

Тэрээр салбартаа 25 жил ажиллаж "Хийморь" брендээ 2016 онд үүсгэн байгуулжээ. Аялал жуулчлалд төсөр мөнгөөр хэрэглэгчийг татах Монгол загварын бүтээгдэхүүн юу хийж болох вэ гэж бодсоны үндсэн дээр торгон даавуугаар сампин зангидаж унжлуур хийж цүнх урлах болжээ.

Түүний ур дүйгээр бүтсэн бүтээгдэхүүнүүд дэлхийн 60 гаруй улсад борлуулагдсан аж. Даяаршиж байгаа энэ цаг үед тухайн улс үндэстний онцлогийг харах гэж жуулчид аялдаг. Тиймээс өвлөгдөх, үлдэх, цаашид үргэлжлэх тэр ахуй соёлоо хадгалж үлдэхийг эрхэм болгож байна. Цайны замын түүхэн түүчээгээр бүтээгдэхүүнээ борлуулах нь олон давуу талыг бий болгоно гэдгийг тэрээр хэлж байлаа.

Шинэсэрхүү бударгана буюу говьд ургадаг бутлаг хатуу ургамлаар эрүүл мэндийн цай үйлдвэрлэдэг Алт, мөнгөн шанд компанийн захирал Ч.Алтанчимэг цайны замын есдүгээр хуралд ач холбогдол өгч зорьж иржээ. Дорноговь аймаг нь Хятадаас Орос цаашлаад Европ руу явах цайны замын хамгийн эхний цэг байсан аж. 

Элэгний хорт хавдартай ээж минь шинэсэрхүү бударгана буюу говийн бидний хэллэгээр загсгал ургамлаар цай хандалж уугаад 22 жил болсон. Ээж аав хоёроосоо жор өвлөж 2010 онд компаниа байгуулж цай үйлдвэрлэсэн эхэлсэн. 

Ази, Европчууд цайгаа навчит ургамлаар хийдэг. Бид говийн хөрсөнд ургадаг анагаагч модлог ургамлаар хор гадагшлуулж, дархлаа дэмжих цай хийж байгаа нь онцлог. Эртнээс хавар ядарсан малдаа хүртэл чанаж өгдөг байсан.

Ямар ч ургамалд эм, хор болох үе гэж бий. Эм болох үе нь ургамал уначихсан үе буюу цаг харих үе. Бид өвөлдөө нэг ургамлаа хураадаг. Нутагтаа дөрвөн газар зөвшөөрөлтэй, ургацаа ээлжилж хураадаг.

Хөрш орны хүмүүст говийн анагаагч цай ихэд таалагдаж байна. Бид байгалийн жимсээр баяжуулж төрлөө нэмсэн. Цаашид цайны замын сүлжээ нээгдвэл бидэнд том үүд хаалга нээгдэнэ гэв.