Зөв аялалд түүчээлэгч


/Four seasons сэтгүүл/ Амьдрал бол аялал гэдэг. Аялахаас татгалздаг, түүнээс кайф мэдэрдэггүй, дурсамж бүтээдэггүй хүн энэ дэлхий дээр ховор болов уу. Гэвч бид аялахдаа биеэ хэрхэн авч явж, байгаль дэлхийдээ ямар ул мөр үлдээдэг бол?

               Аялал жуулчлалын оргил улирал эхлэхтэй зэрэгцэн явсан, суусан газраа хогоо үлдээхгүй, байгаль орчноо хайрлан хамгаалах тухай уриалгууд өрнөдөг. Тэгсэн атал бид хаа сайгүй хөврөх хог хаягдалтай таарч, халаглан өнгөрсөн хэвээр л байна. Энэ хандлагыг өөрчлөхөд хувь нэмэр оруулахын зэрэгцээ аяллын боловсролыг олон нийтэд түгээхээр “НоНа Фамили” ХХК-ийн захирал Д.Үүрийнтуяа шинэ давлагаа үүсгээд байна. Тэр бол “ЗӨВ АЯЛЪЯ” уриалга юм.

Аялал жуулчлалын салбарт олон жил хамтдаа хүчин зүтгэсэн тэдний гэр бүл бүх нийтэд аяллын боловсрол олгох сургалт, зөвлөгөө аяныг санаачлан эхлүүлж, түүний зүгээр нэг уриалга болгоод өнгөрүүлэхгүйн тулд төсөл болгон хэрэгжүүлээд эхэлсэн аж.

Энэ талаар Д.Үүрийнтуяа “Ковидын дараах шинэ нөхцөл байдалтай холбогдуулан бид олон өөрчлөлт, шинэчлэлийг хийх шаардлагатай болсон. Аялал жуулчлалын салбарт хөдөө алс хол байх жуулчны баазад зөөгчөөс эхлэн менежер, аялал төлөвлөгч, гайд орчуулагч гэа мэтээр салбартаа олон ажил мэргэжлийг гүйцэтгэсээр өдгөө 22 дахь жилээ амжилттай үдэх гэж байгаа юм байна. Аялал жуулчлалын салбарт он удаан жил ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан хүний хувьд хүмүүст аяллын боловсрол олгох нь чухал гэдгийг олж харсан. Энэ нь ч ковидын дараах дотоод аялагчдын урсгал ихээр нэмэгдсэн цаг үетэй таарч, хэрэгцээтэй газраа өгөөжөө хүртээсэн ажил болов.

Ийнхүү “ЗӨВ АЯЛЪЯ” төсөл амжилттай хэрэгжиж, аялагчдад төдийгүй албан байгууллага, хамт олон, хувь хүмүүс, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн зөвлөгөө, сургалтуудыг зохион байгуулж эхэлсэн.

Хүмүүс зөв аялах гэдгийг зөвхөн байгальдаа хог хаяхгүй байх гэдгээр хардаг. Энэ нь зөв боловч, бидний хэлэхийг хүргэхийг хүсч байгаа агуулгын зөвхөн нэг хэсэг юм. Өөрөөр хэлбэл, бусдад төвөг удахгүй байх гэдгээс л эхэлнэ. Хамт олноороо, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ аялж байхад хувцасны сонголт, замд авч гарсан зүйлсээс эхлээд тухайн аяллын уур амьсгал, сэтгэл ханамжийг бүрдүүлэхэд нөлөөлдөг.

Аяллаа төлөвлөх, урьдчилан судлах нь ЗӨВ аялалд хамаарна. Бид хүмүүст замд гарахад юу авч явах, хаашаа явахаас шалтгаалж юу өмсөх, тухайн хүний, гэр бүлийн, хамт олны аяллын зорилгоинь юу, ямар төрлийн аялал хүсч байна зэргээр жижиг боловч анхаарвал зохих асуудлаар зөвлөгөө өгдөг. Энэ маань хүмүүст их таалагддаг нь тэдэий хэрэгцээ шаардлагад нийцэж байна гэсэн үг байх. Яагаад гэхээр зарим хүмүүс хувцсаа гялгар уутанд хийж ирчхээд л бусдыгаа унтаж байхад толгой дээр нь шажигнуулаад байдаг шүү дээ. Бас аялалд их мөнгө хэрэгтэй гэж боддог,шаардлагагүй зүйлсэд тооцоогүйгээр их зарцуулалт хийсэн байдаг. Сүүлийн үеийн аяллын чиг хандлага бол хүмүүс маш энгийнээр, тухайн газар орчин, соёлыг яг байгаагаар нь нэмэлт чимэг хачиргүй хүлээн авахад орших болсон “хэмээн ярилаа.

Тэд “Зөв аялъя”-г сонгосон аялагчдад уриалга бүхий цамц, футволкийг өмсүүлж, хамтдаа аялангаа эерэг хандлагыг хэвшүүлдэг байна. “Тэр цамцыг өмссөн хүн тамхины ишээ хаях гэж байгаад больдог. Зөв аялъя гэсэн цамц өмсчхөөд гэж ирээд л үйлдлээ хянадаг” гэх Д.Үүрийнтуяагийн ярианаас үзэхэд түүний санаачилсан ажил үр дүнгээ өгч буйг илтгэнэ.

Нийгмийн хариуцлагатай олон ажлыг санаачлагчаас гадна тэрээр Монголын өв соёлыг сурталчлагч бөгөөд Европ аялагчдыг Монгол эх орондоо аялуулахад өөрийн хувь нэмрээ оруулж ирсэн нэгэн юм. Түүний хувьд Европын, тэр дундаа Герман зах зээлд хэдийн танигдсан, 20 орчим жилийн түүхтэй “Талын үнэг” ХХК-ийн үүсгэн байгуулагч билээ.

Мөн дөрвөн жилийн өмнөөс ганцаарчилсан болон групп аялагчдад Монголын олон талт нүүдэлчин соёлыг сурталчлан таниулах, орон нутгийн малчидтай хамтарч ажиллах, НИТАЖ буюу нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдэд, орон нутагт шууд орлогыг аялал жуулчлалаар дамжуулан бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой “NoNa Travel Mongolia” компаниа байгуулж, Монголын өвөрмөц зан заншил, соёл уламжлалыг хадгалж үлдсэн үндэстэн, ястнуудад зочилж, тэдний нүүдэлчин ахуй амьдралыг харуулах тусгай хөтөлбөр, маршрут бүхий инбаунд аяллыг зохион байгуулж эхэлжээ.


“ЗӨВ АЯЛАЛ”-Д ТҮҮЧЭЭЛЭГЧ Д.ҮҮРИЙНТУЯА